Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчдийг дэмжлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай болон Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр өргөн мэдүүлсэн.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай болон Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр өргөн мэдүүлсэн.
Үүнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр 20 цаг 38 минутад 73.7 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал хэлэлцэв. Эхлээд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг томилуулах саналаа танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү санал хэлж, нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь У.Хүрэлсүхийг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар томилохыг дэмжлээ.
Дараа нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Жамъянгийн Мөнхбатыг томилох тухай асуудал хэлэлцэж, нэр дэвшигчийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулсан юм. Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлж нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ.
Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 93.8 хувь нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилохыг дэмжиж, энэ талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.


















