Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Төсвийн байнгын хороо ирц бүрдэхийг хүлээж байна

Төсвийн байнгын хороо 19 гишүүнтэй бөгөөд одоогийн байдлаар АН-аас 7, "Шударга ёс" эвслээс 1 гишүүн ирээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Төсвийн байнгын хороо ирц бүрдэхийг хүлээж байна
Төсвийн байнгын хороо ирц бүрдэхийг хүлээж байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны өмнө Төсвийн байнгын хороо хуралдах хуваарьтай байсан. Өглөө 09:00 цаг эхлэх байсан байнгын хорооны хуралдааны ирц бүрдээгүй байгаа учраас хурал хараахан эхлээгүй хүлээж байна.

Төсвийн байнгын хороо 19 гишүүнтэй бөгөөд одоогийн байдлаар АН-аас 7, "Шударга ёс" эвслээс 1 гишүүн ирээд байна. Харин МАН-аас нэг ч гишүүн орж ирсэнгүй. Ирц бүрдэхийг хүлээж суух байнгын хорооны дарга болон бусад гишүүдэд хандаж, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа энэ өдөр хэлэлцэхээр төлөвлөөд буй бүх асуудлаар завсарлага авахаа мэдэгдсэн. Гэвч гурван асуудлаар нь өмнө завсарлага авсан тул дахин завсарлага өгөх боломжгүй гэдгийг байнгын хорооны дарга хэлсэн юм. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр чуулганы нэгдсэн хуралдаанд сууж хэлэлцэх бүх асуудалд завсарлага авч байсан бол энэ долоо хоногт Д.Хаянхярваа гишүүн хуралдаануудад ганцаараа орж ирээд, мөн л хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаар завсарлага авна гэж зүтгэсээр байна.

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дараах таван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж.

1. Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

2. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

3. Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон ““Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

4. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүн 2015.11.18-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Хуваалцах