Төсвийн байнгын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2017 оны аованнэгдүгээр сарын 08-ны өдрийн хуралдаан 14 цаг 30 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов.
Мэдээллийн алба

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2017 оны аованнэгдүгээр сарын 08-ны өдрийн хуралдаан 14 цаг 30 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв.
Уг хоригийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан Монгол Улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг нэмэгдүүлсэн бол Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах төсвийн хэмжээг мөн нэмэгдүүлсэн гэв. Төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг нэмэгдүүлэх зарим зайлшгүй шалтгаан нөхцөл байхыг үгүйсгэхгүй боловч төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор тооцож, төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн багцад суулгасан нь Улсын Их Хурлын чуулганы явц, байнгын хороодын хуралдааны тэмдэглэл болон бусад нээлттэй эх сурвалжаас тодорхой байгааг дурдав.
Мөн Үндсэн хуулийн болон Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн асуудлыг харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавьсан гэж байлаа.
Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан нар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлэв.
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.2 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулахаар тогтлоо.


















