УИХ: Соёрхон батлах тухай хуулиудыг эцэслэн батлав
УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Мэдээллийн алба

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Төслийн хэлэлцүүлгийг 2023 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж, төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын 46 гишүүний 87 хувь нь “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжлээ.
Дараа нь “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг мөн үргэлжлүүлсэн юм. Төслийн хэлэлцүүлгийг 2023 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж, төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авсан. Тус завсарлагын хугацаа өндөрлөсөн тул ийнхүү өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн, төслийг эцэслэн батлах санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын 46 гишүүний 41 нь 89.1 хувийн саналаар хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжив.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 45.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасан байдаг бөгөөд энэ дагуу УИХ-ын дарга дээрх хоёр хуулийн эцсийн найруулгыг хуралдаанд танилцууллаа.


















