Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.10.26/ нэгдсэн хуралдаан 10.30 цагт 51.3 хувийн ирцтэй эхэллээ. Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн тө

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.10.26/ нэгдсэн хуралдаан 10.30 цагт 51.3 хувийн ирцтэй эхэллээ. Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай байлаа.

Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Эдийн засгийн өсөлт эхний хагас жилийн байдлаар 5.3 хувьд хүрэн сэргэж байна хэмээн Сангийн сайд хэллээ. Тэрбээр, нүүрсний экспорт эрчимтэй нэмэгдэж, голлох ашигт малтмалын үнэ харьцангуй өндөр түвшинд хүрсэн нь уул уурхай, түүнийг дагасан эдийн засгийн бусад салбарт өсөлт бий болж, аж ахуйн нэгжүүдийн борлуулалт нэмэгдсэн зэрэг нь 2017 онд төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс давж биелэхэд нөлөөлсөн байна.

ОУВС болон Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний шатны үнэлгээг 2017 оны долдугаар сарын 19-ний өдрөөс наймдугаар сарын хоёрны өдрийн хооронд ажлын хэсгийн түвшинд хийж зорилтот үзүүлэлтүүдийг шинэчлэн тохирсон. Хөтөлбөрийн хүрээнд тохирсны дагуу төсвийн давсан орлогын тодорхой хэсгийг дараахь үндэслэл, шаардлагын дагуу зарцуулах шаардлагатай байна гэлээ. Тухайлбал, хүүхдийн мөнгө хөтөлбөрийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд нэмж шаардагдах зардлыг төсөвт тусгах, өсөн нэмэгдэж байгаа боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний эрэлт, хэрэгцээнд нийцүүлж шаардагдах зардлыг тооцож төсөвт тусгах, 2018 он болон түүний дараагийн жилүүдэд төсөвт дарамт үзүүлэхгүй, нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий нэг удаагийн шинжтэй зардлыг тусган хэрэгжүүлэх зэрэг зайлшгүй шаардлага үүссэн хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг Төсвийн байнгын хороо хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн тус байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэллээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Баттөмөр макро эдийн засгийг тогтворжуулан эдийн засгийн өсөлтийг хангаж, инфляцийг нам түвшинд барих замаар монгол төгрөгийг үнэгүйдлийг багасгах, мөн арилжааны банкуудад бага хүүтэй зээл өгч, буцаад өндөр хүүтэйгээр Засгийн газрын бонд гаргаснаас болж төсвийн алдагдал гардаг явдлыг зогсоох хэрэгтэй гэсэн саналыг гаргажээ.

Сангийн сайдын танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Дамба-Очир, Ц.Даваасүрэн, М.Билэгт, З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн байр сууриа илэрхийлсэн.

Гишүүд, 2018-2019 оны төсвийн төсөөлөлд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг тусгаж өгсөн үү, төсвийн орлогыг нэмэгдүүлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх, тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг хэрхэн тусгасан, төсвийн алдагдлыг бууруулах, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх санхүүжилтийг тусгасан эсэхийг лавлаж байлаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, 2018-2019 оны төсвийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Эдийн засагт байгаа нөөц боломжийг бүрэн ашиглах талаар ярилцсан. Төсөв дэх цалингийн сан 1.8 их наяд, тэтгэврийн сан 1.4 их наяд төгрөг байгаа. Гэтэл тэтгэврийн сантай тэнцэх хэмжээний мөнгийг авсан зээлийн хүүд төлж байгаа. Юуны түрүүнд өндөр хүүтэй зээлийн хүү төлж буй хамгийн үр ашиггүй зардлын суудалд анхаарал хандуулж, Засгийн газрын хөрөнгийг зөв менежментээр зарцуулахаар төлөвлөж байгаа гэлээ.

Тэрбээр, 2017 онд төсвийн алдагдал 2.7 их наяд төгрөг байгаа гээд 2018 онд төсвийн алдагдлыг 300 тэрбумаар бууруулахаар тусгасан хэмээн онцолсон. Түүнчлэн 2018 оны төсөвт бүх хүүхдийг цэцэрлэгтэй болгох, гурван ээлжээр хичээллэж буй бүх сургуулийг хоёр ээлжтэй болгох санхүүжилтийг тусгасан гэж Сангийн сайд хэлсэн. Энэ арга хэмжээнд 380 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн хэмээн тайлбарлалаа.

Гишүүд ийнхүү асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.8 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ.

Хуваалцах