Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав

Улсын Их Хурлын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.02.01) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.02.01) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Үндэсний стастистикийн хорооноос гаргасан “Хүн амын 2015-2045 оны шинэчилсэн хэтийн тооцоо”-гоор монгол эрэгтэй хүний 60 наснаас хойш амьдрах хугацаа 17.06 жил, эмэгтэй хүний 55 наснаас хойш амьдрах хугацаа 25.38 жил байгаа бол энэ үзүүлэлт 2040 онд эрэгтэй 20.94 жил, эмэгтэй 55 наснаас хойш 28.71 жил болж жилд дунджаар 1.6-2 сараар нэмэгдэхээр гарчээ.

Нийгмийн даатгалын болон халамжийн тухай хуулиудад 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан өөрчлөлтөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жилд 6 сараар нэмж, 65 насанд хүргэхээр шийдвэрлэсэн нь дээрх тооцоололтой харьцуулахад гурав дахин өндөр байхын зэрэгцээ монгол хүний дундаж наслалтын өсөлттэй нийцэхгүй байгаа аж. Тиймээс тэтгэврийн насыг жилд 3 сараар нэмэх, ердийн нөхцөлөөр эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 насандаа, мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр 45-55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг хуульчилж өгөхөөр тусгасан байна.

Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцож байгаа.

Харин өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд дараалсан 5 жилийн хугацааг аажмаар буюу 2019 онд 1 жилээр, 2020 онд 1 жилээр нэмж, цаашид 7 жил болгохоор тусгасан гэж дурдлаа.

Засгийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт танилцуулав.

Уг хуралдаанаар гишүүдийн олонх нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Г.Тэмүүлэн, О.Содбилэг нарын гишүүд асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэлийг тооцохдоо дараалсан 5 жилийн хугацааг аажмаар буюу 2019 онд 1 жилээр, 2020 онд 1 жилээр нэмж, цаашид 7 жил болгохоор тусгасны бодит шалтгаан, үндэслэл, Нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг хангах талаар авч байгаа арга хэмжээ, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах эсэх, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жилд 6 сараар нэмснийг 3 сар болгон бууруулах болсны үндэслэлийг илүүтэй тодруулж байв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, нийгмийн даатгал төлсөн иргэдийн олонх 20-30 жил буюу олон жил тасралтгүй хөдөлмөрлөж, шимтгэлээ төлснөөр 30-40 сая төгрөгийг Нийгмийн даатгалын санд хуримтлуулсан байдаг. Гэтэл хэсэг бүлэг хүмүүс хуулийн цоорхойг ашиглаж, 10 сая төгрөгийн шимтгэл төлөөд дараалсан 5 жилд төлсөн өндөр шимтгэлийнхээ дүнгээр тэтгэврээ өндөр тогтоолгосон байна. Нийгмийн даатгалын тогтолцоог шударга болгохын төлөө ийм өөрчлөлтийг оруулсан гэж хариулав.

Мөн Нийгмийн даатгалын сангийн татаас 2015 оноос хойш жил ирэх тусам нэмэгдэж байна. 2015 онд 292 тэрбум, 2016 онд 494 тэрбум, 2017 онд 570 тэрбум, 2018 онд 610 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нөхөхөөр татаас өгч байна. Ойрын хоёр жилд энэ татаас нэг их наяд төгрөгт хүрэх тооцоо бий. Энэ асуудалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ажиллаж байна. Харин өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жилд 6 сараар нэмснийг 3 сар болгон бууруулах болсны гол үндэслэл нь монгол хүний дундаж наслалтаас өндөр байсан. Иргэдийн зүгээс энэ асуудалд багагүй гомдол ирүүлсэн. Тиймээс тэтгэврийн насыг жилд 3 сараар нэмэх, ердийн нөхцлөөр эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 60 насандаа, мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцлөөр 45-55 насанд хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхийг сонголттой болгож оруулсан гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, С.Чинзориг, Нийгмийн даатгалын сангийн алдагдал 2030 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьд хүрнэ гэсэн судлагаа бий. Энэ асуудалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банктай хамтарч ажиллаж байна. Түүнчлэн Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон нийгмийн даатгалын таван сангийн хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын хаврын чуулганаар өргөн барихаар ажиллаж байна. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлыг зөв гэж үздэггүй. Харин нэмэгдүүлэх шаардлагатай байдаг. 2007 онд нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулсан ч эерэг үр дүн гараагүй гэж хариулж байсан.

Ингээд УИХ-ын нэгдсэн хуралдаан түр завсарлаж, үдээс хойш Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.

Хуваалцах