Канадын ЕХ-той ойртох санал Трампын эсэргүүцэлтэй тулгарлаа
Мэдээллийн алба

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канад улсыг Европын Холбооны анхны “холбоотон гишүүн” болгох саналд шүүмжлэлтэй хандаж, уг санааг АНУ-ын эсрэг чиглэсэн гэж үзвэл Европын бараанд өндөр тариф ногдуулах боломжтойг мэдэгджээ. Тэрбээр есдүгээр сарын 16-нд Хойд Каролина мужид сэтгүүлчидтэй ярилцахдаа Канадын ЕХ-той ийм хэлбэрээр нэгдэх саналыг “инээдтэй” гэж тодорхойлсон байна.
Трамп уг саналын зорилгоос хамаарч АНУ хариу арга хэмжээ авч болохыг хэлээд, шаардлагатай гэж үзвэл Европын бараанд өндөр тариф ногдуулах эсвэл зарим төрлийн худалдааг зогсоох боломжтой гэжээ. Мөн Канад улсыг АНУ-ын хувьд худалдааны таагүй түнш байсан гэж шүүмжилсэн байна.
Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен мөн өдөр Европын Парламентад 2026 оны “Холбооны байдлын тухай илтгэл”-ээ танилцуулахдаа Канадтай харилцаагаа шинэ шатанд гаргаж, тус улсыг Европын Холбооны анхны “холбоотон гишүүн” болгох санал дэвшүүлжээ. Санал нь худалдаа, батлан хамгаалах үйлдвэрлэл, технологи, эрчим хүч болон стратегийн бусад салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой байна.
Гэхдээ “холбоотон гишүүн” гэсэн статус одоогоор ЕХ-ны албан ёсны, тогтсон гишүүнчлэлийн хэлбэр биш бөгөөд ямар эрх, үүрэгтэй байх нь тодорхой болоогүй байна. Ийм зохицуулалт хэрэгжихийн тулд Европын Холбооны гишүүн орнуудын зөвшөөрөл шаардлагатай гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Канадын Ерөнхий сайд Марк Карни Европын Холбоотой худалдаа, батлан хамгаалах, эрчим хүч, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн ч “холбоотон гишүүн” гэсэн нэр томьёонд одоогоор албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байна.


















