УИХ-ын дарга М.Энхболд Вьетнам-Монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзлаа
БНСВУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Вьетнам-Монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтад ВМНН-ийн дарга Хо Суанг Хун, Дэд дарга Нгуен Тхи Дам Чинь, Чан Нгуен Чык, Хоанг Туан Тхинь нарын зэрэг хүмүүс оролцсон юм.
Мэдээллийн алба

БНСВУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Вьетнам-Монголын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтад ВМНН-ийн дарга Хо Суанг Хун, Дэд дарга Нгуен Тхи Дам Чинь, Чан Нгуен Чык, Хоанг Туан Тхинь нарын зэрэг хүмүүс оролцсон юм. Ноён Хо Суанг Хун тус нийгэмлэгийн даргаар 10 шахам жил ажиллаж байгаа, Дэд дарга, хатагтай Нгуен Тхи Дам Чинь жүжигчин, Монголд олон удаа очиж тоглож байсан, “Найрамдал” медалиар шагнуулсан хүн бол Чан Нгуен Чык, Хоанг Туан Тхинь нар Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байжээ.
Найрамдлын нийгэмлэгийн шугамаар Монголын цөөнгүй зочид төлөөлөгчдийг Вьетнамд айлчлуулж, бизнесийн хийгээд ажил хэргийн харилцаа тогтооход нь тусалж байгаагаа ноён Хо Суанг Хун танилцуулав. Хамгийн сүүлд Хо Чи Миний нэрэмжит нийслэлийн 14-р сургуулийг Вьетнамын ерөнхий боловсролын дунд сургуультай шууд харилцаатай болгох ажлыг зохион байгуулсан байна. Түүнчлэн нутгийн хойд хэсэгт монгол гэр авчирч, сарлаг нутагшуулан, аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар төлөвлөж байгаагаа дуулгав.
Тэрбээр хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлэхийг иргэд, аж ахуйн нэгжүүдийн аль аль нь сонирхож байгаа боловч тээврийн асуудал хамгийн гол бэрхшээл болдог, далайн тээврийн үнэ өндөр байдаг. Тиймээс шууд нислэг хийдэг болбол сайнсан. Найрамдлын нийгэмлэгийн шугамаар бид Монгол орон, монголчуудыг Вьетнамд танилцуулах, сурталчлах ажлыг нэлээд идэвхтэй хийж байгаа гэлээ.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Монгол, Вьетнамын 60 гаруй жилийн түүхтэй уламжлалт, найрсаг харилцаанд Найрамдлын нийгэмлэгийн оруулсан хувь нэмэр их юм. Та бүхний хэрэгжүүлж байгаа олон талт арга хэмжээ нь хоёр орны харилцааны түүхийг хойч үедээ өвлүүлэх, ирээдүйд хандсан үйл ажиллагаанд чиглүүлэх маш чухал ач холбогдолтой болохыг зориуд онцлон тэмдэглэж, баяр хүргэе” гэлээ.
Тэрбээр улс төрийн харилцаа тогтмолжиж, шинэ агуулга, хэлбэрээр тасралтгүй баяжин хөгжиж байна. Харин худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа энэ түвшинд хараахан хүрэхгүй байгаа юм. Тиймээс энэ талаар зориуд анхаарлаа хандуулахыг хүсье. Бид та бүхний тавьсан санал хүсэлтийг холбогдох яам, байгууллагуудад дамжуулж, хэрэгжүүлэх арга хэмжээ авна гэлээ.

Бэрхшээлтэй байгаа хил, гааль, хорио цээр, мэргэжлийн хяналтын гэх мэт салбаруудын үйл ажиллагааг уялдуулах, асуудлаа шийдэх бүрэн боломж бий. Агаарын тээврийн шууд нислэг хийх тухайд хууль эрх зүйн талаасаа бүрэн нээлттэй. Төмөр замын тээврийн асуудлаар гурвалсан хэлэлцээр байгуулах саналыг Вьетнамын тал БНХАУ-д тавьсан талаар Монголд суугаа Элчин сайд, хатагтай Дон Тхи Хыөнг надад мэдээлсэн. Тэгэхээр тээврийн бэрхшээлийг арилгах боломж бий гэж бодож байна гэж УИХ-ын дарга М.Энхболд тэмдэглэлээ.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд айлчлалынхаа үеэр Хо Чи Миний бунханд цэцэг өргөж, түүний гэр музей болон Уран зохиолын сүм музейг үзэж сонирхлоо.


















