УИХ-ын дарга М.Энхболд Вьетнамын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргад бараалхав
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Вьетнамын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг-д бараалхлаа. Ноён Нгуен Фу Чонг Монгол Улсын Их Хурлын даргын Вьетнамд хийж буй айлчлал хоёр орны хамтын ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулсан, үр дүнтэй айлчлал боллоо гэж дүгнэв.
Мэдээллийн алба

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Вьетнамын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг-д бараалхлаа. Ноён Нгуен Фу Чонг Монгол Улсын Их Хурлын даргын Вьетнамд хийж буй айлчлал хоёр орны хамтын ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулсан, үр дүнтэй айлчлал боллоо гэж дүгнэв.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүлээн авч уулзаж буйд нь ноён Нгуен Фу Чонг-д талархал илэрхийлээд, МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлав.
Тэрбээр “Миний бие Ханой хотноо болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 26-р хуралдаанд оролцож, Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нгангийн урилгаар БНСВУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан. 1950-иад оны дунд үеэс манай нам, төрийн тэргүүн нарын үндэс суурийг нь тавьсан харилцаа, хамтын ажиллагаа 60 гаруй жилийн түүхэн хугацааг туулж, амжилттай хөгжиж байна. Бид Вьетнам орныг манай Зүүн өмнөд Ази дахь гол түнш орноо гэж үздэг” хэмээн онцоллоо.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд парламент хооронд болон хууль хяналт, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын амжилттай хөгжиж буй харилцааг цаашид бататгах, худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлж, эрчимжүүлэх нь чухал байгаа бөгөөд айлчлалын үеэр эдгээр асуудлаар төр, засгийн удирдлага, яамдын түвшинд яриа хэлэлцээ өрнүүлсэн нь бүх талын харилцаа жигд гүнзгийрэн хөгжихөд түлхэц болно гэдэгт итгэж байна. Манай хоёр улс бүс нутаг, олон улсын байгууллагын түвшинд бие биенээ харилцан дэмжсээр ирсэн сайхан уламжлалтай. Энэ уламжлал хэвээр үргэлжилнэ гэдэгт итгэж байна хэмээн онцлон тэмдэглэв.

Ноён Нгуен Фу Чонг “Монгол Улс манай орон, ард түмний эх орноо хамгаалах тэмцэл, шинэ үеийн бүтээн байгуулалтын аль алинд биднийг тууштай дэмжсээр ирсэнд бид гүнээ талархдаг. Улс төрийн өндөр дээд түвшний харилцаа тогтмолжиж, олон улсын тавцанд бие биенээ идэвхтэй дэмжиж, парламент хооронд болон боловсролын салбарын хамтын ажиллагаа сайн хөгжиж байна. Худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, үүний тулд юуны өмнө тээврийн бэрхшээлийг арилгах нь чухал юм.
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын бус гишүүний сонгуульд Вьетнамыг дэмжиж байгаад талархлаа илэрхийлье. Бид Монголыг АСЕАН-ы бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлэх сонирхлыг хэрэгжүүлэх гүүр нь болоход бэлэн байна” гэлээ.
Тэрбээр Монгол Ардын Намтай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлээд, “МАН-ын даргаар ажиллаж байсан хүний хувьд хоёр намын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд Таныг биечлэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. МАН-ын дарга У.Хүрэлсүхийг БНСВУ-д айлчлуулах миний урилгыг уламжилж өгнө үү” гэв.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд урилгыг уламжилна гэдгээ дуулгаад, Вьетнам орны хөгжил цэцэглэлт, Вьетнамын ард түмний бүтээн байгуулалтад амжилт хүсэж, ноён Нгуен Фу Чонгийг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урьсныг талархан хүлээж авлаа.


















