УИХ-ын дарга З.Энхболд бөмбөг намнах тэмцээний нээлтэд оролцов
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд /2015.07.12/ өнөөдөр Үндэсний их баяр наадмын сурын харвааны тамирчдад баяр хүргэж, үндэсний уламжлалт бөмбөг намнах тэмцээний нээлтийн арга хэмжээнд оролцов.
Мэдээллийн алба

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд /2015.07.12/ өнөөдөр Үндэсний их баяр наадмын сурын харвааны тамирчдад баяр хүргэж, үндэсний уламжлалт бөмбөг намнах тэмцээний нээлтийн арга хэмжээнд оролцов. Нээлтийн арга хэмжээнд оролцох үеэр тэрээр хэлсэн үгэндээ, 2015.07.09-ний өдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө.
Жил бүрийн Улсын Их баяр наадмаар Үндэсний сурын харвааны төрөлд ганцхан төрлийн цол олгож байгаагаас харваачдын чансаа үнэлгээнд анхаарах зайлшгүй шаардлага үүссэн. Иймээс уг хуулийн төслийг боловсруулан өргөн барих болсон бөгөөд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд 3 дугаар байр эзэлсэн харваачид “Гоц харваач” цол, 2 дугаар байр эзэлсэн харваачид “Гарамгай харваач” цол олгохоор тусгасан талаар болон цаашдаа сурын харвааны төрлийн хууль эрхзүйн орчны асуудалд анхаарч ажиллахаа мэдэгдэв.


















