Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын гишүүд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Их Хурлаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундариар ахлуулсан Хууль зүйн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг Гэр б

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 7 минут
УИХ-ын гишүүд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын гишүүд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундариар ахлуулсан Хууль зүйн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа юм. Тус ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, Түр хамгаалах байр, “Өнөр бүл” төвд ажиллав.

Тус ажлын хэсэг эхлээд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллан, хүүхэд хамгааллын чиглэлээр 2017 онд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсов. Монгол Улсын хувьд хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг хангахтай холбоотой эрх зүйн орчин бүрдсэн хэмээн дүгнэж, холбогдох газрууд хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэх хүрээнд тогтолцоог бүрдүүлэх, хандлагыг өөрчлөх, нөлөөлөл үзүүлэх зорилготой олон ажлыг хийж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээллийн эхэнд онцолсон.

Хүүхдийн төлөө үндэсний газрыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өргөтгөсөн ч орон тоо хэвээрээ байгааг тус байгууллагын дарга О.Алтсансүх танилцуулаад Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг хэрэгжүүлэх чиглэлээр хийж буй ажлуудын талаар мэдээлэл хийлээ. Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад гэр бүлийн болон бусад орчинд үйлдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хариу үйлчилгээ үзүүлэх анхан шатны нэгж болох “Хамтарсан баг”-ийн тогтолцоог бэхжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой хэмээн үзжээ. Иймээс агентлагаас 2017 оныг хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах жил болгон, сургалтын цогц модуль боловсруулж, 75 сургагч багш бэлтгэжээ.

Үүний үр дүнд үндэсний хэмжээнд ажиллаж буй 609 хамтарсан багийн 4494 гишүүнийг чадавхжуулах сургалтад хамруулсан байна. Хамтарсан багийн гишүүд сургалтад хамрагдсанаар хууль эрх зүйн болон үйлчилгээний талаарх мэдээлэлтэй болж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх арга зүй, ойлголт сайжирч, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх боломж, гарцын талаарх ойлголтоо нэгтгэн, туршлага солилцон ажиллахын зэрэгцээ мэдээллийн сан бүрдүүлэх зэргээр үйл ажиллагаанд нь бодитой үр дүн, ахиц гарч байгаа аж. Хамтарсан баг өнгөрсөн хагас жилийн хугацаанд 778 гэр бүлтэй ажиллаж, сэтгэл зүйн зөвлөгөөг 1031 хүнд өгсөн бол аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээг 555 хүнд, нийгмийн халамжийн үйлчилгээг 1279 хүнд, хүүхэд хамгааллын үйлчилгээг 662 хүүхдэд, эмнэлгийн тусламж үйлчилгээг 662 хүүхдэд, холбон зуучлах дараагийн үйлчилгээг 420 хүнд тус тус үзүүлсэн байна.

Чадавхжуулах сургалтыг зохион байгуулснаас хойш хамтарсан багийн гишүүдийн 19.7 хувь нь шинэчлэгдсэн байна. Иймд 2018 онд хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах хоёр дахь шатны хөтөлбөр боловсруулан, хэрэгжүүлэх шаардлага үүсээд байгааг ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа. Мөн засаг захиргааны анхан шатны нэгж дээр ажиллаж буй нийгмийн ажилтны тоог нэмэгдүүлэх, тараах материал, зөвлөмжийг боловсруулж түгээх, нийгмийн ажилтнуудыг анхан болон дунд шатны сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр мэргэшүүлэх хэрэгцээтэй байгааг О.Алтсансүх дарга танилцуулсан.

Үргэлжлүүлэн тэрбээр Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтийг дэмжих хүрээнд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран хүүхэд хамгааллын таван жилийн аяныг эхлүүлсэн талаар дуулгав. Энэ аяны хүрээнд www.huuhedburt.mn цахим сайт, гар утасны аппликейшн боловсруулжээ. Олон нийтэд хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэж хэвшихэд шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл бүхий аппликейшныг 880 хэрэглэгч гар утсандаа татсан гэв. Дээрх хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд нэн тэргүүнд иргэн бүрт хүүхэд хамгааллын талаарх ойлголт, мэдлэг, мэдээллийг хүргэх нь чухал гэдгийг О.Алтсансүх дарга тайлбарласан. Мөн тэрбээр Монгол Улсын 2017 оны төсөвт Хүүхэд хамгааллын тухай хуулийг улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд зориулсан төсөв, зарцуулалтын тайлан, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг бууруулах үйл ажиллагааны хэрэгжилт, асрамж халамжийн төвд амьдарч буй хүүхдийн нөхцөл байдал, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, Түр хамгаалах байрны үйл ажиллагаа, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй танилцуулсан.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь “Улсын Их Хурлын хоёр байнгын хороо хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Ц.Цогзолмаа нарын эмэгтэй гишүүд дийлэнх ажиллаж байгаа юм. Мөн Ж.Батзандан гишүүн, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд Д.Цогтбаатар гишүүн ажиллаж байна. Ажлын хэсэг эхлээд Хүний эрхийн үндэсний комисс дээр ажилласан, мөн хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд, сэтгүүлчидтэй уулзалт хийсэн. Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд хамгааллын асуудал болон гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцгой үүрэгтэйгээр оролцож, олон нийтэд эерэг нөлөөлөл үзүүлэх боломжтой учраас дээрх уулзалтыг зохион байгуулсан.

Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд нар болон яамдын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, дээрх дөрвөн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой төрийн захиргааны төв байгууллагаас хийж болох ажлууд, холбогдох дүрэм журмыг боловсруулахдаа амьдралд нийцүүлэх чиглэлээр санал солилцсон. Өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг хэрэгжүүлэхэд ямар хүндрэл бэрхшээл учирч байна, нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл авлаа. Санхүүжилтийн хувьд 396 сая төгрөг хангалтгүй байгаа юм байна, өнөөдөр Улсын Их Хурлаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа учраас бид хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр төсөвт тодорхой өөрчлөлт оруулах боломжийг эрэлхийлэн ажиллаж байна” гэлээ.

Түүнчлэн сүүлийн үед олон нийтэд ил болоод буй хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн, гэмт хэргүүд, харъяалах салбарын байгууллагуудаас гаргасан энэ төрлийн тоон мэдээллүүд нь бүх нийтээрээ анхаарлаа хандуулж, сэрэмжлэх, тэмцэх шаардлага үүсээд байгааг илэрхийлж байна гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч онцоллоо. Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол хэлэхдээ, 3 сая иргэнтэй Монгол Улсын хувьд хүүхдийн эрх зөрчигдөж буй тохиолдлын тоон мэдээлэл нь сэтгэл түгшээсэн үзүүлэлт. Тэр дундаа олон нийтийг цочроосон мэдээлэл, тохиолдол сүүлийн үед ойр ойрхон олон нийтэд ил болсон. Тэгэхээр холбогдох газрууд нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, үнэхээр ийм асуудал далд хэлбэрээр байсаар ирсэн үү, ойрын хугацаанд огцом нэмэгдэж байна уу, эсвэл илрэлт нь сайжирсан уу гэдгийг судлан, асуудлыг шийдвэрлэхдээ анхаарах нь зүйтэй гэв.

Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлах, олон нийтэд хүүхэд хамгааллын чиглэлээр мэдээлэл түгээхэд санаачилгатай оролцох шаардлага бийг тэмдэглэн, энэ чиглэлээр хамтарч ажиллах гарцын талаар санал солилцов. Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг хүүхэд хамгааллын үйлчилгээ, хүүхдийн эрхийг хангах асуудлыг шийдвэрлэхдээ орон нутаг дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлэн, хил орчмын аймаг, сумдад илүү идэвхтэй ажиллан, анхааралтай, сэрэмжтэй ажиллах ёстойг онцоллоо. Түүнчлэн уулзалтад оролцсон Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Б.Саранчимэг нар мэдээлэл, танилцуулгатай холбогдуулан саналаа хэлж, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, хүүхдийн эрхийг хангах чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллахаа илэрхийллээ.

Үүний дараа Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр ажлын хэсгийн гишүүдийн тодруулсны дагуу мэдээлэл танилцуулав. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 2017 оны есдүгээр сарын байдлаар 824 бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.4 хувиар буурсан байна. Үүнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн үр нөлөө бий хэмээн тэмдэглэв. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэн 2110 хүн захиргааны шийтгэл хүлээсэн, энэ төрлийн гэмт хэргийн 80 хувь нь гэр, орон сууцандаа үйлдэгдэж байгааг холбогдох баримтуудаас харж болно гэдгийг тэрбээр мэдээллээ. Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамдын хамтарсан болон дангаар шийдвэрлэх 35 журмыг батлахаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны 30 нь батлагдан, хүчин төгөлдөр үйлчилж байгааг дэд сайд дуулгав. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны санхүүжилтийн талаар мэдээлэл танилцуулж, улсын хэмжээнд нэг цэгийн үйлчилгээ болон түр хамгаалах байрны асуудал тулгамдаад байгааг хэллээ.

Нийтдээ 15 түр хамгаалах байр, 9 нэг цэгийн үйлчилгээний байр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд олон улсын санхүүгийн байгууллага, төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2018 онд 10 нэг цэгийн үйлчилгээ, 5 түр хамгаалах байрыг шинээр байгуулахаар холбогдох санхүүжилтийн асуудлыг шийдээд байгаа аж. Энэ хүрээнд тухайн төвийн байрлах байрны асуудлыг орон нутаг нь шийдвэрлэж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч тал нь тохижилт, тоног, төхөөрөмжийг бүрэн хариуцахаар тохирсон. Гэтэл зарим аймаг үүн дээр идэвхгүй хандаж, тодорхой хариу ирүүлэхгүй удааширч байгаа аж. Үүний зэрэгцээ эдгээр төвд ажиллах боловсон хүчний цалин хөлс, нийгмийн асуудал шийдэгдээгүй, иймд ирэх оны төсвийн төсөлд энэ зардлыг тусгуулах тал дээр ажлын хэсгийн гишүүдээс дэмжлэг хүсч байгаагаа илэрхийлсэн.

Хуваалцах