УИХ-ын гишүүд "Өнөр бүл” асрамжийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, санал дүгнэл
Мэдээллийн алба

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийнхэн үргэлжлүүлэн /2017.11.08/ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харъяа “Өнөр бүл” асрамжийн төвд ажиллав.
Тус төвийн асрамжид өнөөдрийн байдлаар 160 гаруй хүүхэд байдаг бөгөөд тэд дотоод нөөц бололцоондоо тулгуурлан 11 төрлийн дугуйлан хичээллүүлж байгаа аж. Дугуйлангуудын үйл ажиллагаатай Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Б.Саранчимэг нар танилцсан бөгөөд хүүхдүүдийн хийсэн бүтээлийг худалдаалах талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Өнөр бүл” төвтэй хамтран ажиллах нь зүйтэй гэдгийг хэлж байв. "Өнөр бүл" төв хүүхдүүдийнхээ мэдээлэл, баримт, сэлтийг нууцлалын зэрэглэлтэйгээр хадгалахын тулд архивын өрөө нэн шаардлагатай байгаа учраас Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд санхүүгийн асуудлыг шийдвэрлэн, завсар үйлчилгээг нь хийлгэнэ гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг хэлсэн юм.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь заалт, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.7 дахь зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд хараа хяналтгүй хүүхдийн эрхийг хамгаалж нийгмийн ажлын нөхөн сэргээх, холбон зуучлах, гэр бүлд нь эргэн нэгтгэх үйлчилгээг системтэй, үр дүнтэй зохион байгуулахаар зорилт тавин ажиллаж байгаа аж. 2017 оны аравдугаар сарын байдлаар хөдөө орон нутагт 16, нийслэлд 68, нийтдээ 84 хүүхэд хараа хяналтгүй амьдарч байгааг илрүүлсэн байна. Тэднийг аль нэг асрамжийн төвд шууд шилжүүлэхэд хүндрэлтэй байдгийг О.Алтансүх дарга хэлж байлаа. Хараа хяналтгүй хүүхдүүдийг асрамж халамжийн төвд амьдруулах нь тэдний онцлогт тохирсон суурь хэрэгцээг хангадаггүй тул тусгай үйлчилгээг бий болгох шаардлага тулгамдсан байна. Иймд Багахангай дүүрэгт хараа хяналтгүй хүүхдэд нийгмийн үйлчилгээ үзүүлж, гэр бүлд нь эргэн нэгтгэх үйлчилгээний дамжин өнгөрөх төвийг байгуулан улсын төсвийн хөрөнгө оруулалт болох 69.9 сая төгрөгийн их завсарын ажлыг хийсэн байна. Үйл ажиллагаа явуулахад шаардлагатай 122.3 сая төгрөгийг 2017 оны төсвийн тодотголд тусгуулахаар шийдвэрлүүлээд байгаа гэв. "Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ" ТББ-тай хамтран хараа хяналтгүй хүүхдэд үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны стратеги, үйлчилгээний зураглал, дотоод журам зэргийг боловсруулах, хараа хяналтгүй хүүхдүүдийн судалгааг нарийвчлан гаргах ажил хийгдэж байгаа юм байна. Эдгээр ажлыг арваннэгдүгээр сарын 15-ны дотор дуусгаж, 20-ны өдрөөс хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх ажлыг ЦЕГ-тай хамтран зохион байгуулж Хараа хяналтгүй хүүхдийн хөгжлийн төвийн үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа талаар ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан.
Тус төвд ажиллах үеэр асрамжийн төвүүд 18 нас хүрсэн хүүхдийг үргэлжлүүлэн халамжлах боломжгүй байдаг, гэтэл хүүхдүүд мэргэжилгүй учраас хөдөлмөр эрхлэх боломжгүй, орлогогүй, орон гэргүй, үүнээс үүдэн буруу замаар орох, бусдад уруу татагдах, нийгмийн эмзэг бүлэг рүү орох зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг талаарх асуудал хөндөгдөв. Одоогоор Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт асрамжийн төвд хүмүүжсэн 18-аас дээш насны иргэдийг тодорхой хугацаагаар байршуулан, нийгэмшүүлэх бэлтгэл хийдэг ч энэ үйл ажиллагааг зогсоон, орон тоон дээр нь 18 нас хүрээгүй хүүхдүүдийг хүлээн авч асрамжлах үүргээ гүйцэтгэх шаардлагатай гэдэг чиглэл ирсэн хэмээн Хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын дарга Б.Лхамсүрэн хэллээ. Гадаадын улс орнууд асрамжийн төвд 18 нас хүртлээ амьдарсан иргэдээ онцгойлон анхаарч, мэргэжилтэй, ажлын байртай болох хүртэл буюу 30 нас хүртэл нийгэмшүүлэх зорилгоор тусгай хөтөлбөр хэрэгжүүлдгийг асрамжийн төвийн ажилтнууд ажлын хэсгийнхэнд дуулгаж, энэ асуудалд анхаарал хандуулахыг Улсын Их Хурлын гишүүдээс хүслээ.
Ажлын хэсгийн гишүүдийг дагалдан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх болон холбогдох бусад албан тушаалтнууд ажиллав.


















