УИХ-ын намрын ээлжит чуулган энэ долоо хоногт өндөрлөнө
УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд өнөөдөр хуралдах товтой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Энэ өдөр УИХ-ын Байнгын хороодын дараах ажлын хэсгүүд хуралдана.
Мэдээллийн алба

УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд өнөөдөр хуралдах товтой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Энэ өдөр УИХ-ын Байнгын хороодын дараах ажлын хэсгүүд хуралдана. Үүнд:
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай болон Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд тус тус хуралдах юм.
УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаан 2018 оны 2 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд чуулна. Тус хуралдаанаар,
Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлт;
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2018.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын 3 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.01.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2018.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
“Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
“Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Бусад;
Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлнэ;
Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 69 дүгээр тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсох; зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Харин энэ сарын 09-ний баасан гарагт Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган хаалтаа хийнэ.


















