Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын тогтоолуудыг баталлаа

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн (2018.01.18) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
УИХ-ын тогтоолуудыг баталлаа
УИХ-ын тогтоолуудыг баталлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн (2018.01.18) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцууллаа.

“Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36 дүгээр зүйлийн 36.1 дэх хэсгийг үндэслэн 2018 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн байна. Статистикийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт “Зөвлөлийн дарга нь Үндэсний статистикийн хорооны дарга байна. Зөвлөл нь 7 хүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн 3 гишүүнийг УИХ-ын холбогдох Байнгын хороо, 3 гишүүнийг Засгийн газар санал болгож, Улсын Их Хурал томилно.” гэж заасны дагуу Засгийн газраас санал болгох гурван гишүүний асуудлыг Засгийн газрын 2017 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан дэд дарга, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний хөгжлийн газрын даргыг санал болгохоор шийдвэрлэж, албан бичгээр Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг ирүүлсэн байна. Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны Дэд ерөнхийлөгч, Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөхийг Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар санал болгосныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжжээ.

Зөвлөлийн бүрэлдэхүүнийг тодорхой хугацаагүй томилдог, түүнчлэн Зөвлөлийн гишүүдийг нэр зааж батлах нь тэд ажил, албан тушаалаасаа өөрчлөгдөх тухай бүрд бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах шаардлагыг үүсгэж байгаа тул Зөвлөлийн гишүүнийг албан тушаалаар нь томилж ирсэн уламжлалыг баримтлах нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, тодруулах шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн бөгөөд Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталлаа.

Төгсгөлд нь “Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Н.Амарзаяаг Өргөдлийн байнгын хорооны хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр батлахаар тусгагдсан болохыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй тул санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.8 хувь нь дэмжин “Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоол батлагдав.

Хуваалцах