УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.09) нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын
Мэдээллийн алба

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.09) нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцэж, Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Төсвийн байнгын хороо 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас Төсвийн байнгын хороонд шилжүүлэхдээ төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн урамшууллын нэр томъёог өөрчлөх чиглэлийн дагуу ажлын үр дүнгийн урамшуулал гэж өөрчилсөн гэж Улсын Их хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулгадаа онцлов.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ төрийн албан хаагчдын ажлын үр дүнгийн урамшуулал гэж нэр томъёог нь өөрчилсөн нь хууль зөрчсөн эсэхийг тодруулж байв. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, “Эмч, багш, төрийн албан хаагчдын ажлын үр дүнгийн урамшуулал олгох Засгийн газрын тогтоол батлагдсан хэдий ч эх үүсвэргүй учраас хэрэгжиж байгаагүй. Засгийн газар эх үүсвэрийг нь олоод төрийн албан хаагчдын цалингийн урамшууллыг олгохоор шийдсэн. Гэхдээ Засгийн газар төрийн албан хаагчдын ажлын үр дүнг тооцсоны дараа урамшуулал өгөх албан даалгаврыг өгсөн. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын ажлын үр дүнгээс хамаарч урамшууллын 300 мянга хүртлэх төгрөгийг олгоно” гэж хариулж байлаа.
Ингээд УИХ-ын тогтоолын төсөлд “нэг удаагийн буцалтгүй тусламж гэдгийг ажлын үр дүнгийн урамшуулал гэж, давсан орлого гэдгийг жилд гэж өөрчлөх” Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.4 хувь нь дэмжив. Мөн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.9 хувь нь дэмжсэн.


















