Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар “Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Мэдээллийн алба

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар “Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Тус Байнгын хорооны гишүүн Г.Амартүвшин Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтээ ирүүлснийг хуралдаан даргалагч танилцуулаад, уг асуудлыг Монгол УИХ-ын тухай хуулийн 8.1.6, 28.5 дахь хэсэгт заасныг баримтлан хэлэлцэж буйг дуулгалаа.
Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахыг дэмжив.
Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Т.Аубакираар ахлуулан байгууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


















