Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үйлдвэрлэлийн ослыг уриат аянаар аргацаасаар байх уу...

Сүүлийн гурван жилийн байдлаар улсын хэмжээнд үйлдвэрлэлийн ослоор 250 гаруй хүн алтан амиа алджээ. Иймд Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Үйлдвэрлэлийн ослыг уриат аянаар аргацаасаар байх уу...
Үйлдвэрлэлийн ослыг уриат аянаар аргацаасаар байх уу.... Зураг: МҮОНРТ

Сүүлийн гурван жилийн байдлаар улсын хэмжээнд үйлдвэрлэлийн ослоор 250 гаруй хүн алтан амиа алджээ. Иймд Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар /МХЕГ/ барилгын чанар, аюулгүй байдлын сарын аяныг өнөөдрөөс эхлэн зохион байгуулахаар бослон. Энэ нь жилийн барилгын ажил эхлэх цагтай уялдаатай байдаг. Үүнээс үүдэн зарим зүйлийг өгүүлэхийг хүслээ.

Ажлын талбайд гарч буй осол эндлийн гол шалтгаан нь манай улсад хөдөлмөрийн аюулгүйн дүрэм журмууд хоцрогдсон болон нөгөө талаас төдийлөн мөрдөгдөггүйтэй холбоотой гэж хэлэхэд болно. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахгүй, хамгийн их зөрчиж байгаа салбаруудад уул уурхай, барилга, цахилгаан сүлжээ, авто замын салбар ордог байна. Өнгөрсөн жил гэхэд л 400 гаруй осол гэмтэл гарсан нь өмнөх жилийнхээс нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ байдлаар осол гэмтэл буурахгүй, харин ч жил тутам нэмэгдэх шинжтэй байгааг салбарынхан онцлож байгаа.

Баригдаж буй барилгаас ажилтан унаж, бэртсэн, барилгын бэхэлгээний төмөр явган зорчигч, зам дээр явж байсан машин дээр унаж хүний амь нас эрсэдсэн зэрэг ноцтой зөрчлүүд хэд хэд гарсан. Тэр бүр гүйцэтгэгч тал л хариуцлага хүлээж байснаас биш захиалагч тал, тухайн барилгыг бариулж байгаа цаад жинхэнэ эзэд төдийлөн хариуцлага хүлээж байгаагүй. Энэ нь нөгөө л хууль эрх зүйн орчин хангалтгүйтэй холбоотой аж.

Иймээс ажлын байран дахь осол эндлийг бууруулахын тулд стандарт нормоо шинэчлэн дагаж мөрдөх хэрэгтэй юм. Үүнээс гадна холбогдох хууль тогтоомжид "Нийт хийгдэж байгаа гүйцэтгэлийн төсвийн нэг хувийг хөдөлмөр аюулгүй ажиллагаанд зарцуулна" гэж заасан байдаг нь аж үйлдвэр, хүнд үйлдвэрийн салбарын хувьд хэт бага төсөв болдог. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд ногдох зардал, төсөвт хуваарилагдах хувь хэмжээг ихэсгэх хэрэгтэйг харуулж байна гэдгийг хүн бүхэн хэлж, төрийн байгууллагуудаас энэ чиглэлийн элдэв аян зохиож, бичиг цаас төлөвлөсөөр байгаа ч энэ ажлын нөлөөллөөр осол эндэл буурсан дорвитой ахиц гарсангүй.

Элдэв янзын уриан дор сүржин нэртэй даржин аянуудыг өрнүүлж цаг хугацаа, мөнгө хөрөнгө үрж байхын оронд хөдөлмөр хамгаалал, аюулгүйн ажиллагааны дүрэм журмыг ягштал биелүүлдэг тийм л хууль хариуцлагын орчинг бий болгох шаардлагатай байна.

Б.Дулмаа

Хуваалцах