“Улаанбаатарын өвлийн наадам”-аар гэр бүлийн баяр болно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨҮГ хамтран “Улаанбаатар өвлийн наадам-2017” гэр бүлийн баярыг энэ сарын 11, 12-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨҮГ хамтран “Улаанбаатар өвлийн наадам-2017” гэр бүлийн баярыг энэ сарын 11, 12-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна.
Өвлийн улирлын уламжлалт болон орчин үеийн спортын төрлийг хослуулсан тус наадмын хүрээнд мөсөн шагайн харваа, мөсөн сурын харваа, мөсөн ханын авиралт, уран гулгалт, сноуборд, шүхрийн үзүүлбэр, мөсөн шатар, өвлийн дугуй, дөрвөн дугуйт мотоциклийн парад зэрэг арга хэмжээ болно.
Мөн хамгийн сайхан үндэсний хувцас өмссөн шилдэг оролцогчийг шалгаруулахын зэрэгцээ гэр бүлийн хөгжөөнт болон цасан урлалын тэмцээн явуулж, аяллын хувцас, хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа нээх аж. Хүрэлцэн ирсэн иргэд, жуулчид сур, шагай харваж, мөсөн хананд авирч, өвлийн дугуй нохойтой чарга унаж, дурсгалын зураг татуулах, мини амьтны хүрээлэн сонирхож, халуун хоол ундаагаар үйлчлүүлэх боломжтой аж.
Энэхүү арга хэмжээ нь дэлхий дахинд Монголынхоо өвлийн улирал, ёс заншил өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинээр хөгжиж буй экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхэд гол зорилго нь оршиж байна. Цаашид энэ наадмыг олон улсын хэмжээний өвлийн улирлын хамгийн том наадам болгон хөгжүүлэхээр зорьж байгаа юм.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх ”Энэ наадмыг зохион байгуулснаар өвлийн хотын аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болж аялал жуулчлалын идэвхгүй улиралд ирэх жуулчдын тоо нэмэгдэх, Үндэсний баяраар дамжуулан нийслэл хотыг гадаадад сурталчлах, үндэсний спортыг түгээн дэлгэрүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг болох зэрэг үр дүнд хүрнэ” гэв. Тус наадмын шагналын нийт сан 10 сая төгрөг юм байна.
Л.Сайнбаяр


















