Улиастай хотын 1.2 км цэвэр усны шугамыг шинэчилж байна
Улиастай хотын цэвэр усны шугам элэгдэж муудаснаас болж энэ өвөл хот бүхэлдээ хөлдөх хэмжээнд хүрээд байсан.
Мэдээллийн алба

Улиастай хотын цэвэр усны шугам элэгдэж муудаснаас болж энэ өвөл хот бүхэлдээ хөлдөх хэмжээнд хүрээд байсан. Учир нь тус шугам хоолойд сүүлийн 35 жил гар хүрээгүй ажээ. Тиймээс энэхүү тулгараад буй нөхцөл байдлыг арилгах үүднээс Орон нутгийн хөгжлийн сангаас 300 сая төгрөгийн санхүүжилт гаргаж шугамыг шинэчлэх ажлыг эхлүүлээд байгаа гэнэ.
Шинээр тавих цэвэр усны хоолой нь 1.2 км үргэлжлэх бөгөөд 250 мм-ийн диаметртэй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдгийг албаныхан хэлж байна. Гэвч энэ ажлыг хийж дуусгахад нийт 638 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа гэнэ.
Өнөөдрийн байдлаар ганцхан шугам аваарын байдалтай ажиллаж байгаа бол энэ завсар шинэчлэлтийн ажлыг нэг сарын хугацаанд хийж дуусгаснаар 2 шинэ шугамтай болж, нийтдээ 3 ширхэг нөөц шугамтай болно гэсэн үг. Ингэснээр Улиастай хотын хувьд цэвэр усны нөөц, халаалтын асуудал дээр айх аюулгүй, өнтэй өвөлжих нөхцөл бүрдэх юм.
Б.Оюун-Эрдэнэ /Завхан/


















