Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлнэ
Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн дагуу БНСУ-аас хөнгөлөлттэй зээлээр том оврын автобус нийлүүл
Мэдээллийн алба

Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн дагуу БНСУ-аас хөнгөлөлттэй зээлээр том оврын автобус нийлүүлэх болсон.
Төслийн хүрээнд эхний ээлжийн 45 хүний суудал бүхий 43 том оврын автобусыг Авто тээврийн үндэсний төв “Hyundai Motors” компаниас хүлээн авчээ. Тус автобусууд нь зорчигчийн ая тухтай, аюулгүй байдлыг хангасан, тээшийн хонгил бүхий, Монгол орны тээвэрлэлтийн байдал, цаг агаар, замын нөхцөлд бүрэн нийцсэн аж.
Энэхүү төсөл нь 30 жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд тус том оврын автобусыг улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн парк шинэчлэлтэд зориулан хөнгөлөлттэй зээлээр олгох юм байна.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан тус автобусыг Ази, Европын дээд хэмжээний уулзалтын үеэр олон улсын зочид, төлөөлөгчдийн үйлчилгээнд ашиглахаар Авто тээврийн үндэсний төвөөс GPS суурилуулан нэгдсэн байдлаар хяналт тавьж ажиллахаар бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.
Мөн ЗЦГ-аас Ази, Европын дээд хэмжээний уулзалттай холбогдуулж албан хэрэгцээнд ашиглагдах “PRIUS 30” маркийн 52 авто машинд мөн хяналтын систем суурилуулж, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан.
Тус уулзалтын үеэр үйлчилгээнд ажиллах жолооч нарыг Авто тээврийн үндэсний төвөөс сонгон шалгаруулж Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн аж ахуйн нэгж, байгууллагууд болон “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазар, хувиараа хөдөлмөр эрхлэгч зэрэг нийт 50 жолооч шалгаруулж, харилцааны ёс зүй, гадаад хэл, аюулгүй жолоодлого, аюулгүй ажиллагааны олон улсын жишиг сургалтад хамруулан сертификат гардуулжээ.


















