Улсын хөгжил хөдөөгөөс эхэлдэг
Намрын өнгө шаргалтана. Зэрэглээ татаж байна. Элсний үелсэн давалгаа, элчилгүй арвин шаргал талдаа бэлчих хүрэн зандан тэмээд... Намрын говийн сайхан зураг.
Мэдээллийн алба

Намрын өнгө шаргалтана. Зэрэглээ татаж байна. Элсний үелсэн давалгаа, элчилгүй арвин шаргал талдаа бэлчих хүрэн зандан тэмээд... Намрын говийн сайхан зураг.
Бүртийх үүлгүй тэнгэр, нүдний үзүүрт хааяа торолзох бут бутуул, заг тооройг ажин элдвийг бодож, унтаж сэрэхийн завсар явсаар хотын чимээнээс холдоод 10 гаруй цаг машинаар давхижээ.

Үдийн нар доошилж, машины цонхоор төөнөхөд зам зуур зүүрмэглэж явсан би хил рүү дөхсөнийг анзаарлаа. Цонхоор харахад нүүрс тээвэрлэсэн том том машин жирэлзэнэ. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотыг зорих 7 залуу сэтгүүлч бүгдээрээ Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт боомтоор анх удаа хил гарч үзэх гэж байгаа улс.
Гашуунсухайтаар дайран Ганц модны боомтоор хил нэвтэрлээ. Улаанбаатар хотоос гарснаас хойш 1000 гаруй км давхисаар сая зорьсон газар- ӨМӨЗО- ны Баяннуур хотод хүрэв.
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам урд хөрштэй олон чиглэлээр хамтарч ажиллахаар төлөвлөжээ. Тэр дундаа хөдөөг хэрхэн хөгжүүлж болдогийн жишээг Баяннуурын мал аж ахуй, тариалангаар дамжуулж Монголынхоо малчин, тариаланч, хэрэглэгчдэд таниулахаар Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг Баяннуур хотын 4 мужид илгээсэн нь энэ.

Ганц модны боомтоос 300 гаруй км зайтай, БНХАУ-ын зүүн хойд захын энэ хот ӨМӨЗО-ны баруун бүс, Шар мөрний бор тохойн дээд хэсэгт оршдог. Нийт 65 мянган хавтгай дөрвөлжин км талбайтай, 4 хошуу, 2 сум, 1 дүүрэг, үндэсний эдийн засаг технологийн 1 паркаас бүрддэг.
2017 оны байдлаар хүн амын тоо нь 1 сая 700 мянгад хүрчээ. Түүнээс 550 мянга нь Баяннуур хотын төвд амьдардаг. Газар зүйн талаас нь ажвал зүүн хэсгээрээ ой тайгатай, баруун бүс нутгаараа уулархаг, хад чулуутай байгалийн өвөрмөц бүтэцтэй юм.

Хэдий алс хязгаарынх ч хөдөө аж ахуйг хот сууринтай хослон хөгжүүлж байгаа энэ хотоос ӨМӨЗО-ны хөдөө аж ахуйн хөгжлийг тодхон харж болох ажээ.
Хотын усны эх ундрага нь Шар мөрөн. Шар мөрөн байгаа учраас газар тариалан эртнээс хөгжсөн гэж эндэхийнхэн ярих дуртай. Олон түмнийг ундаалсан Шар мөрөнг уугуул иргэд “Хатан гол” гэж нэрлэх нь бий. Хатан гол нь Баяннуур хотын нутаг дэвсгэрээр 345 км урсан өнгөрөхдөө том жижиг нийлсэн 300 гаруй нуур цөөрмийг үүсгэдэг. Тариаланчид эдгээр нуур цөөрмөөс ус татаж тариа ногоогоо ургуулдаг гэж бидний хөтөч Цэцэнгуа ярьсан.
Шил толь шиг гялтганах өргөн замаар давхих зуур анзаарвал, замын хоёр хажуугаар харандаа шиг модыг нэгэн ижил зайд ярайтал тарьжээ. Хоёр урсгалтай замыг зэрэгцүүлэн барьж дундуур нь гоёлын бутыг өнгө, дүрс хоршуулан суулгасан нь харахад үзэмжтэй юм.

Чуан цөлийн цагаан будааны талбай
Үдшийн хэрд Баяннуур хотын төвд ирлээ. Бидний төсөөлж байсан аймгийн төвөөс хэд дахин илүү том хот юм. Сүндэрлэсэн өндөр барилгууд, ногоон байгууламж, өргөн замаараа хотоо чимэглэсэн мэт харагдана. Гаднах хаяг, зам талбай, ногоон байгууламж, барилга байшин нь бүгд тэгш хэмтэй харагдах нь цэгцтэй гэж жигтэйхэн.
Бид энэ хотын 3 мужаар зочилж мах, сүүний төрөлжсөн үйлдвэр, фермер, тариалангийн талбай зэрэг 10 гаруй газартай танилцаж тэдний нэвтрүүлсэн шинэ технологи, орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжилтэй танилцах хөтөлбөртэй.
Баяннуур хотоос 2 цаг орчим яваад хүрэх Дэн Көү мужид “Шэн Мү Гао Кэ” сүүний үйлдвэрээс бидний ажил эхэллээ. Энэ үйлдвэр органик сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ Дундад улсдаа алдартай. Органик сүүний дотоодын хэрэгцээнийхээ тал хувийг хангадаг юм байна. Өдөрт 1300 тонн сүүг үйлдвэрлэх хүчин чадалтай, 16 аж үйлдвэрийн шугамтай тус үйлдвэрийг 7 тэрбум 500 мянган юаниар барьжээ. Хажуудаа 100 мянган үнээний фермтэй юм.

Мал аж ахуйн компани
Хүүхдийн сүү, чацарганатай тараг, сүүн чихэр, ааруул, хатаасан өрөм зэрэг 46 нэр төрлийн бүтээгдэхүүнийг их бага хэмжээгээр савлан, зах зээлд нийлүүлдэг байна. Голлох бүтээгдэхүүн болсон тараг, сүүн бүтээгдэхүүнээ органик гэдгийг нь олон улсын шинжээчээр баталгаажуулж, тусгай шошготойгоор арай илүү үнээр зорилтот зах зээлд худалдаалдаг байна. 2014 оноос органик сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлжээ. Бүтээгдэхүүн бүрийн савлагаан дээр үүсэл гарал, мэдээллийг агуулсан QR кодыг байршуулсан нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн байна. “Худалдан авагчид ухаалаг гар утсаараа кодыг уншуулаад хаана аль нутгийн бэлчээрт идээшилсэн, ямар фермерийн тэжээсэн, ямар үүлдрийн үнээний сүүгээр хэзээ үйлдвэрлэсэн зэргийг төвөггүйхэн мэдэж, сонголтоо хийдэг” гэж “Шэн Мү Гао Кэ” сүүний үйлдвэрийн тасгийн дарга Ма Шао Хэ бидэнд танилцуулсан.

Цао Юань Хун Бао хүнсний компани
Бидний танилцсан дараагийн газар бол Мах, сүүний чиглэлийн ферм. Эднийх сүүний чиглэлийн 2000 үнээ, махны чиглэлийн 30 мянган үхэртэй. Өдөртөө 30 тонн сүү саадаг. Өөрсдийн гэсэн нядалгааны газартай юм. Фермийнхээ үхрийг тэжээх тэжээлийг өөрсдөө тарьдаг. Голцуу эрдэнэ шиш тариалж даршилсан тэжээл бэлтгэдэг байна. Орон нутгийнхаа малчдын амьжиргааг дээшлүүлж, орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор тэдэнтэй хамтарч ажилладаг гэнэ.
Малчид тус фермээс махны чиглэлээр өсгөж байгаа тугалыг хямдхан үнээр худалдаж аваад 1 жил тэжээнэ. Шаардлагатай тохиолдолд фермээс тэжээлээр тусална. Малчин тэжээж зарсан нэг тугал бүрээсээ 3000- 3500 юаны ашиг олдог байна. Энэ мэтчилэн улсаас барьж байгаа ядуурлыг бууруулах бодлогыг хувийн хэвшил дэмжиж, иргэдээ нэмэлт орлоготой болгодог байна.

Мен Юань Куан компанийн бүтээгдэхүүн
Энэ жишгээр хонин сүргийг ч өсгөж байна. “Фү Чуань” компани бог малыг фермерийн аргаар үржүүлж болдогийг харуулсан аж ахуй юм. Тус компани 2 сая гаруй хоньтой. Үүний 80 орчим хувийг өөрсдийн фермдээ өсгөдөг. Үлдсэнийг нь малчдаасаа авдаг. Нэг малчин өрх тус үйлдвэрээс 150 хурга авч өсгөхөд жилд 165 мянган юаны ашиг олдог байна.

Органик сүү
Баяннуур хотын мах боловсруулах үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд экспортлохыг зорьж байна. Тэдний нэг нь “Цао Юань Хун Бао” компани. Жилд дунджаар 1 сая хонины махыг боловсруулах хүчин чадалтай тус үйлдвэр хатаасан, гүн хөлдөөсөн, халаал аргаар бэлтгэсэн махыг зах зээлд нийлүүлж байгаа юм. Жилд дунджаар 500 мянган хонины махыг боловсруулж байна. Мөн ямааны сүүгээр бүрсэн нэмэлт химийн орцгүй органик таргийг үйлдвэрлэдэг. “Манай компани мах болон сүүгээр хийсэн 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна” гэж Үйл ажиллагаа хариуцсан захирал Жао Чиан ярилаа.

Баяннуур хот тариалангийн хот. Хаашаа л харна ойн зурвасаар хүрээлэгдсэн тариалангийн талбай. Голчлон олон төрлийн үр тариа, эрдэнэ шиш, амтатгуа, нарийн ногоо, наран цэцэг тарьдаг. Ялангуяа эндэхийн амтат гуа, эрдэнэ шиш, улаан лоолийн гойд сайхан амттайгаараа зартай. Сүүлийн жилүүдэд органик тариалалтыг орон нутагтаа хөгжүүлэхийг түлхүү зорьж, шинэ төрлийн техник, технологийг газар тариаландаа нэвтрүүлж байгаа юм. Үүний эхлэл болгож элсэн цөлд органик цагаан будаа тариалах инноваци шингээсэн шинэ технологийг өнгөрсөн онд нэвтрүүлжээ.

Инноваци шингээсэн шинэ төрлийн бүтээгдэхүүнээ “Амьсгалдаг хөрс” гэж нэрлэсэн байна. “Амьсгалдаг хөрсний гол түүхий эд нь элс. Агаар нэвтрүүлэх чадвар гойд сайн ч ус шингээлт багатай учир дээр нь будаа тарихад их тохиромжтой” гэж зохион бүтээгч Рэн Чуан цөлийн цагаан будаа тарих туршилтын суурин газрын захирал Яан Гөүө Шан хэлж байлаа.
ӨМӨЗО-ны Баяннуур хот аливаа үйлдвэрлэлдээ хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх техник ашиглах, хэрэглээнийхээ эрчим хүчийг нарны энергиэс гаргаж авахад анхаарч байна. Тухайлбал хялбаршуулсан аргаар органик гурил үйлдвэрлэх техникийг инженерүүд зохион бүтээжээ. Мөн будаа тарих, үр суулгах ажлыг бүгд технологиор шийджээ.

Жао Фэн гурилын үйлдвэр
Бид Баяннуур хотын Лин Хэ, Дэн Көү, Хангин хойд хошуу, Ү Юань Шень дүүрэгт ажиллахдаа “Хуа Шэн” ногоон энерги, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн жишиг үзүүлэх парк, “Шө И” мал аж ахуйн компани, Бор тохойн архины үйлдвэр, Фү Чуань одоо үеийн махан хонины салбарын эргэлт, эдийн засгийн жишиг үзүүлэх бүс, “Цао Юань Хун Бао” хүнсний компани, “Мэн Юань Күан” компани, “Вэй Шин” ноолуурын компани, “Жао Фэн” гурилын үйлдвэр, “Фү Чион” тосгон, “Ү Юань Шений Бор тохой цахим худалдааны парк”, Бор тохойн тариалан, соёлын хүрээлэн, “Лиень Шин наран энергийн тосгон” гэсэн олон аж ахуйн нэгж, байгууллагаар орж үйл ажиллагаатай нь танилцсан. Очсон газар бүрт сурах, мэдэх, манайд нэвтрүүлэх боломжтой технологиуд таарч байв.

Бор тохойн архины үйлдвэр
Урд хөршийн маань малчид, тариаланчид үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн болгоноо органик гэдгийг баталгаажуулж, дотооддоо болоод бусад улс орны зах зээлд нэвтрүүлэхийг зорьж байгаа, эрүүл аюулгүй хүнсийг хэрэглэгчдэд түгээж бизнесээ өргөжүүлэх бодлого барьж байгаа нь анзаарагдлаа.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хослон ажлын байраа нэмэгдүүлж, иргэдээ орлоготой болгож, тухайн орон нутгийг хөгжүүлж чаддагийн жишээг Баяннуурт хаана ч очсон бэлхнээ харж болох юм.




М.Оюунбаасан


















