Улсын нэгдсэн төсвийн орлогыг 79.8 хувийг татварын орлого бүрдүүлж байна
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2018 оны эхний 4 сард 2.5 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2.4 их наяд төгрөг болж,
Мэдээллийн алба

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2018 оны эхний 4 сард 2.5 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2.4 их наяд төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 98.2 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеэс 204.0 тэрбум төгрөгөөр өсөхөд орлогын өсөлт зарлагын өсөлтөөс 10.2 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ.
Татварын нийт орлого 2.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 423.5 (23.5 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд хөрөнгийн албан татвар 1.6 (4.4 хувь) тэрбум төгрөг, тусгай зориулалтын орлого 0.3 (8.7 хувь) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч нийгмийн даатгалын орлого 53.8 (13.8 хувь) тэрбум төгрөг, онцгой албан татварын орлого 73.2 (53.4 хувь) тэрбум төгрөг, орлогын албан татвар 85.8 (17.4 хувь) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 121.7 (28.9 хувь) тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 37.7 (19.5 хувь) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 53.4 (43.2 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Улсын нэгдсэн төсвийн орлогын 79.8 хувийг татварын орлого, 9.7 хувийг татварын бус орлого, 7.7 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 2.7 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2018 оны эхний 4 сард 2.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 194.2 (8.8 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 5.7 (27.0 хувь) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч хөрөнгийн зардал 105.7 (2.3 дахин) тэрбум төгрөг, урсгал зардал 94.2 (4.5 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 91.5 хувь, хөрөнгийн зардал 7.9 хувь, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 0.6 хувийг эзэлж байна.



















