Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах мэргэжилтнүүд тангаргаа өргөлөө
Санхүүгийн зохицуулах хорооноос зохицуулалтын салбаруудыг хөгжүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, мэргэжлийн оролцогчдыг чадавхижуулах, мэргэшүүлэх чиглэлээр мэргэжлийн холбоодтойгоо тогтмол хамран ажилладаг.
Мэдээллийн алба

Санхүүгийн зохицуулах хорооноос зохицуулалтын салбаруудыг хөгжүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, мэргэжлийн оролцогчдыг чадавхижуулах, мэргэшүүлэх чиглэлээр мэргэжлийн холбоодтойгоо тогтмол хамран ажилладаг. Үүний нэг нь МҮЦАЭХ-той хамтран 2011 оноос эхлэн зохион байгуулж ирсэн үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх олгох сургалт юм.
Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх “Мэргэшлийн зөвлөл” болон МҮЦАЭХ-ноос зохион байгуулсан энэ удаагийн сургалтад нийт 174 мэргэжилтэн хамрагдаж хөрөнгийн зах зээлийн салбарын онцлог, зарчим, эрхзүйн орчны тухай мэдлэг мэдээлэл, олж авсан байна. Эдгээрээс 164 мэргэжилтэн шалгалтаа амжилттай өгч улмаар өнөөдөр тангаргаа өргөж, үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрхээ гардан авлаа.
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал тангараг өргөх ёслолыг нээж үг хэлсэн бөгөөд тэрээр “Санхүүгийн зах зээл цэвэр итгэлцэл дээр суурилдаг. Тэр дундаа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, зуучлалын үйлчилгээний чанарыг сайжруулахад хөрөнгийн зах зээл дээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтнүүдийн мэдлэг боловсрол, мэргэжлийн ёс зүй маш чухал. Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, зах зээлийг шударга, ил тод, нээлттэй болгох цаашдын тогтвортой хөгжлийг хангах нь мэргэжилтнүүд та бүгдийн үйл ажиллагаанаас шууд хамаарна” гэдгийг онцлоод тангараг өргөж буй нийт мэргэжилтэнд баяр хүргэж, цаашдийнх нь ажилд амжилт хүслээ.
“Мэргэшлийн зөвлөл”-өөс МҮЦАЭХ-той хамтран 2011 оноос хойш 35 удаагийн эрх олгох, аттестатчилах шалгалтыг зохион явуулж, нийт 2985 мэргэжилтэнд хөрөнгийн зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх олгосон бөгөөд өнөөдрийн байдлаар үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ явуулах хүчин төгөлдөр эрхтэй 1302 мэргэжилтэн байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


















