Өнгөрсөн хоёр сарын хугацаанд 117 иргэн ажлын байртай болжээ
Орхон аймгийн хэмжээнд ажилгүйдлийн тоо өмнөх оны мөн үеэс 27,5 хувиар буурчээ. 2018 оны 2 сарын байдлаар нийт 117 иргэн ажлын байртай болсон бол ажил идэвхтэй хайж байгаа иргэдийн дийлэнх нь шинээр их, дээд сургууль төгссөн залуус эзэлж байгааг аймгийн статистикийн газраас мэдээллээ.
Мэдээллийн алба

Орхон аймгийн хэмжээнд ажилгүйдлийн тоо өмнөх оны мөн үеэс 27,5 хувиар буурчээ. 2018 оны эхний 2 сарын байдлаар нийт 117 иргэн ажлын байртай болсон бол ажил идэвхтэй хайж байгаа иргэдийн дийлэнх нь шинээр их, дээд сургууль төгссөн залуус эзэлж байгааг тус аймгийн статистикийн газраас мэдээллээ.
Орхон аймгийн хэмжээнд нийт 117 ажлын байр бий болсны 71 нь шинэ ажлын байр юм. Нийт ажлын байрны 23.9 хувь нь худалдааны салбарт, 20.5 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт, 17.9 хувь нь үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбарт, 14.5 хувь нь зочид буудал, зоогийн газарт, 6.8 хувь нь эрүүл мэндийн салбарт, 1.7 хувь нь тээврийн салбарт, 0.9 хувь нь боловсролын салбарт бий болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс ажлын байр 50.0 хувиар, шинэ ажлын байр 8.9 дахин буюу 63-аар их үзүүлэлт гэнэ.
Мөн тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 1394 хүн ажил идэвхтэй хайж байгаагаар бүртгэгджээ. Тэгвэл дээрх иргэдийн 53.9 хувь нь эмэгтэйчүүд. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өмнөх оны мөн үеэс 27.5 хувиар буюу 529 хүнээр багасжээ. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийг насаар нь ангилахад 39.3 хувь нь 25-34 насныхан, 23.0 хувь нь 35-44 насныхан, 19.3 хувь нь 16-24 насныхан, 18.4 хувь нь 45-60 насныхан байгаа юм. Ажилгүйчүүдийн 38.1 хувь нь их дээд сургуулийн шинэ төгсөгч, 8.8 хувь нь өөр газраас шилжиж ирсэн, 7.1 хувь нь орон тооны цомхтголд орсон, 1.3 хувь нь байгууллага татан буугдсан, 44.8 хувь нь бусад шалтгаанаар ажил хайж бүртгүүлжээ. Өөрөөр хэлбэл ажилгүйчүүдийн эгнээнд хамгийн их хувийг эзэлж байгаа нь дөнгөж сургуулиа төгссөн залуучууд эзэлж байна.


















