Өнөөдөр олон улсын нийлэг уутнаас татгалзах өдөр
ядаж өнөөдөр нийлэг уутнаас татгалзаарай
Мэдээллийн алба

Мөн “нийлэг материал ороогүй уутны өдөр” ч гэж ойлгож болно. Хүмүүсийн өдөр тутамд хэрэглэж, дэлгүүр орох болгондоо авдаг нэг удаагийн хэрэглээний нийлэг уут байгальд 100-500 жил шингэхгүй оршдог, байгалийн олон төрөл зүйлд ялангуяа далай тэнгис, усны ертөнцөд хамгийн их гай тарьж байгаа.
Тиймээс ядаж нэг өдөр дэлхий нийтээрээ нэг удаагийн нийлэг уутнаас татгалзахыг энэхүү өдөр уриалдаг. Энэ өдөр нийлэг ууттай зүйл худалдаж авахгүй байх, өөрийн эко ууттай очиж худалдаа хийх, цаасан уут, шил, төмөр савалгаа/шууд дахин ашиглагддаг материалууд/-тай бүтээгдэхүүн худалдан авахыг уриалдаг.
Нийлэг уут нь дөрвөн төрөл байдаг бөгөөд ихэвчлэн хий болон газрын тос боловсруулахад гарч ирсэн дайвар бүтээгдэхүүнээс үйлдвэрлэгддэг. Зөвхөн сүүлийн үед гарч ирсэн Degradable Plastic Bags буюу задардаг нийлэг уутнаас бусад нь байгальд задрах боломжгүй байдаг.
Улс орнууд нэг удаагийн нийлэг уутнаас татгалзахын тулд хориг тавих, татвар нэмэх гэх ажлууд хийж байгаа боловч хориг тавьсан тохиолдолд хуулийн хяналт тавих байгууллагын чадавхаас хамаарч энэ хөтөлбөр хэрэгждэг аж. Жишээлбэл, эхний хориг тавьсан улсууд болох Итали, Руанда, Бангладеш зэрэг улсуудад үр дүн өөр өөр байна. Европын холбооны хувьд Ban the Bag санаачилгыг хэрэгжүүлж эхлээд байгаа аж.
Манай улсын хувьд хориг тавьсан боловч тэр бүр амьдралд хэрэгжихгүй байгаа.
Нийлэг ууттай холбоотой тоон мэдээллээс хүргэхэд,
- Нийлэг уутыг ихэвчлэн 25 минут орчим удаа хэрэглэдэг
- Дэлхий даяар минут тутамд 1 сая нийлэг уут хэрэглээнд гарч байна
- Дундаж европ хүн жилд 500 гялгар уут хэрэглэдэг. Гэвч тэд байнга нийлэг уутнаас татгалзахыг дэмждэг
- Далайн хог хаягдлын 80 хувь нь нийлэг байдаг
- Европын холбооны улсуудад жилд 3,4 сая тонн нийлэг уут үйлдвэрлэдэг. Энэ нь 2 сая ширхэг машины жинтэй тэнцэнэ.
- Далайн 31 төр лийн хөхтөн амьтдын ходоодноос хуванцар гарч ирсэн бол далайн 100 төрлийн шувууны ходоодноос хуванцар олдсон байна. Хуванцар нь биологийн олон талт байдлыг заналхийлж байгаа нь бидний хүнсний сүлжээнд ч аюул учруулж байгаа хэрэг юм.
Тиймээс ядаж өнөөдөр нийлэг уутнаас татгалзаарай.


















