“Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн зохицуулалтын орчныг бүрдүүлэх нь” хэлэлцүүлэг боллоо
Санхүүгийн зохицуулах хороо Азийн сантай хамтран “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн зохицуулалтын орчныг бүрдүүлэх нь” хэлэлцүүлгийг энэ сарын 04-нд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлсэн үгэндээ
Мэдээллийн алба

Санхүүгийн зохицуулах хороо Азийн сантай хамтран “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн зохицуулалтын орчныг бүрдүүлэх нь” хэлэлцүүлгийг энэ сарын 04-нд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд виртуал хөрөнгийг тойрсон төрийн зохицуулалтын шинэ сорилтууд бий болж байна. Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос олон улсын стандарт, ФАТФ-ын зөвлөмжид нийцсэн, эрсдэлийг бууруулж, инноваци, шинэчилэлийг дэмжсэн, санхүүгийн зах зээлийн өсөлтийг хангасан зохицуулалтын зохистой орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна” гэдгийг онцолсон юм.
Хэлэлцүүлгийн эхэнд журмын төслүүдийн товч танилцуулга, ирүүлсэн санал болон тэдгээрийг хэрхэн тусгаж оруулсан талаарх мэдээллийг өглөө. Түүний дараа виртуал хөрөнгийн салбарын зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр журмын төслүүд, зөрүүтэй саналуудыг хэлэлцэж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ удаагийн хэлэлцүүлэгт виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид, Монголын биржүүдийн нэгдсэн холбоо, Монголын блокчэйн технологи ба криптовалютын холбоо зэрэг нэр бүхий мэргэжлийн холбоод, холбогдох төрийн байгууллагуудын төлөөллөөс гадна койн/токен гаргах замаар иргэд, олон нийтээс санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлсэн этгээдүүд оролцсон юм.
Санхүүгийн зохицуулах хороо Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн дагуу нийт 10 орчим харилцааг зохицуулах 8 журмыг боловсруулахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн журам”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам” зэрэг нэр бүхий 4 журмын төслийг боловсруулж олон нийтээс санал авахаар Хорооны цахим хуудсанд байршуулсан. Мөн дээрх журмын төслүүдэд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид, тэдгээрийн мэргэжлийн холбоод, койн/токен гаргагчид, иргэд, олон нийтээс гадна төрийн байгууллагуудаас ирүүлсэн саналыг тусгасны зэрэгцээ олон нийтийг хамарсан хэлэлцүүлгийг удаа дараа зохион байгуулсан. Харин эцсийн хэлэлцүүлгийг Азийн сантай хамтран танхим, цахим хосолсон хэлбэрээр ийнхүү зохион байгууллаа гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


















