Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн эрсдэлд суурилсан хяналт шалгалтын талаарх уулзалт боллоо
Санхүүгийн зохицуулах хорооноос Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын Зөвлөмж 15 /Шинэ технологи/-ын үнэлгээг ахиулах хүрээнд өнгөрсөн долдугаар сард Малайзын Куала Лумпур хотноо болсон
Мэдээллийн алба

Санхүүгийн зохицуулах хорооноос Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын Зөвлөмж 15 /Шинэ технологи/-ын үнэлгээг ахиулах хүрээнд өнгөрсөн долдугаар сард Малайзын Куала Лумпур хотноо болсон Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг /АНДМУТБ/-ийн 25 дахь удаагийн жилийн уулзалтаар Дахин үнэлгээний тайланг Зөвлөмж 15-ын хүрээнд танилцуулж, “хагас хэрэгжсэн” гэж үнэлснийг “дийлэнх нь хэрэгжсэн” болгож ахиулсан билээ. Түүнчлэн АНДМУТБ-ийн урилгаар уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооноос Монгол Улс виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн салбарт ФАТФ-ын шаардлага, олон улсын стандартыг нэвтрүүлсэн туршлагаас хуваалцаж, холбогдох илтгэл, тайланг тавьж байсан.

Үүнтэй холбоотойгоор АНДМУТБ-ээс энэ сарын 08-нд “Виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчидтэй холбоотой ФАТФ-ын шаардлагын хэрэгжилт: Эрсдэлд суурилсан хяналт шалгалт ба Хууль сахиулах үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд цахим уулзалт зохион байгуулж, Монгол Улсаас виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн салбарт эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог хэрхэн нэвтрүүлсэн туршлагаа хуваалцахыг урьсан. Энэ дагуу “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн салбарт эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлж буй Монгол Улсын туршлага, хууль эрх зүйн орчин” сэдвээр илтгэл тавилаа.
Энэ удаагийн уулзалтад АНУ, БНХАУ, Энэтхэг, Малайз, Солонгос, Австрали, Камбож, Сингапур, Мьянмар зэрэг АНДМУТБ-ийн гишүүн орнуудын төлөөлөл оролцсон. Түүнчлэн АНУ-аас виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх туршлагаасаа хуваалцсан бол Австрали болон Сингапур улсын төлөөлөгчид салбарын эрсдэлд суурилсан хяналт шалгалт, зохицуулалтын туршлагын талаар холбогдох илтгэл, тайланг танилцуулсан юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.



















