Я.Эрдэнэсайхан: ЖДҮ бол улс орны хөгжлийн гол хөшүүрэг
“Экспо Монголиа” арга хэмжээ энэ сарын 9-11-ний өдрүүдэд "Дэвшилтэт технологи ба хөрөнгө оруулалт" сэдвийн дор Мишээл Экспо төвд 6 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.
Мэдээллийн алба

“Экспо Монголиа” арга хэмжээ энэ сарын 9-11-ний өдрүүдэд "Дэвшилтэт технологи ба хөрөнгө оруулалт" сэдвийн дор Мишээл Экспо төвд 6 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам болон Германы “Хүнд машин механизм үйлдвэрлэгчдийн холбоо хамтран зохион байгуулсан арга хэмжээ олон улсын үзэсгэлэн, бага хурал гэсэн хоёр хэсэгтэй байв.
Бага хуралд ХХААХҮЯ, ЗТХЯ, БХБЯ, Үндэсний хөгжлийн газар, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар зэрэг төрийн байгууллагын холбогдох албаны хүмүүс тухайн салбарт төрөөс баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын чиг хандлагын талаар илтгэл танилцуулсан юм. Тэр дундаа ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан “Жижиг, дунд үйлдвэрийн талаар төрөөс баримталж буй бодлого” сэдэвт илтгэлдээ, ЖДҮ-ийн салбарын хөгжил, өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, дэмжлэг, гадаад хамтын ажиллагааны талаар дурдсан.
Тэрбээр, "ЖДҮ бол улс орны хөгжлийн гол хөшүүрэг. Дэлхийн улс орнуудын хөгжлийн загвараас харахад жижиг, дунд үйлдвэрээ сайтар хөгжүүлж чадсанаар аж ахуйн нэгжүүд нь хөл дээрээ босгож, ард иргэдээ ажлын байртай, баталгаатай орлоготой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр хангаж байгаа юм. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас тус салбарыг хөгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна" гэв.
Улсын хэмжээнд жижиг, дунд үйлдвэр эрхлэгч 60 330 аж ахуйн нэгж байна. Тус салбарт 906 мянга гаруй хүн ажилладаг. Улсын хэмжээнд 4377 хоршоо бүртгэлтэй байдгаас 3020 хоршоодод үнэлгээ хийж үзэхэд, идэвхгүй 1324, идэвхжиж байгаа 877, хөгжиж байгаа 580, тогтвортой өсөлттэй 239 хоршоо байна. Салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийн тухай, Хоршооны тухай, Зээлийн батлан даалтын тухай хуулийн төслийг боловсруулж байна. Мөн Сум хөгжүүлэх сан, Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэл, Зээлийн давхар батлан даалт тус бүрт журам баталж, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр гаргах юм.
Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн төсөлд бичил, жижиг, дунд гэсэн ангиллыг бий болгож, үйлдвэр эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэгийг оновчтой болгож, бүсчлэн хөгжүүлэх, салбарын уялдаа холбоог сайжруулах, татварын таатай орчныг бүрдүүлэх зорилготой олон шинэлэг зохицуулалтыг тусгажээ. Түүнчлэн салбарын хөгжлийг дэмжих хөтөлбөрт “Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” гэсэн концепцийг суулгаж байгаа бөгөөд баг, хороо, сум, дүүрэг, аймагтаа брэнд бүтээгдэхүүнээ зарлаж, улсын хэмжээнд төдийгүй олон улсын зах зээлд гаргах боломж бүрдэх юм.
Бага хуралд дотоод, гадаадын төлөөлөгчид оролцсон учраас жижиг, дунд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилгоор олон улстай хамтарч ажиллах өргөн боломж байна. Үүнд, хамтарсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, шинэ техник, технологи, инноваци нэвтрүүлэх, хөрш орнуудтай хил орчмын худалдааг өргөжүүлэх, дипломат харилцаатай орнуудад ЖДҮ-ийн бараа, бүтээгдэхүүнийг борлуулах байнгын худалдааны цэг ажиллуулах, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг олон асуудал хамаарч байна.
“Экспо Монголиа” олон улсын үзэсгэлэнд Герман, Австри, Итали, ОХУ, Беларусь, БНЧУ, БНСУ, Польш, Энэтхэг, Монгол зэрэг орны барилга, хүнс, газар тариалан, аялал жуулчлал, хөдөлмөрийн аюулгүй байдал, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан холбооны чиглэлийн 60 гаруй аж ахуйн нэгж, компани оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, дэвшилтэт шинэ техник технологио сурталчилж, Монголын бизнес эрхлэгчдэд хамтарч ажиллах өргөн боломж нээж өглөө гэж зохион байгуулагчид үзэж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ


















