Япон улстай эдийн засгийн хэлэлцээр хийлээ
Монгол Улс, Япон Улсын хооронд байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн зургаа дахь шатны хэлэлцээ дөрөвдүгээр сарын 22-ноос 26-ны хооронд Токио хотноо боллоо.
Мэдээллийн алба

Монгол Улс, Япон Улсын хооронд байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн зургаа дахь шатны хэлэлцээ дөрөвдүгээр сарын 22-ноос 26-ны хооронд Токио хотноо боллоо.
Хэлэлцээг Монголын талаас Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Японы талаас Парламентийн гишүүн, Гадаад харилцааны дэд сайд Сэйжи Кихара нар ахлаж, хоёр орны холбогдох яам, газруудын албан тушаалтан, мэргэжилтнүүд оролцлоо.
Энэ удаагийн хэлэлцээг Ерөнхий болон төгсгөлийн заалтууд, Барааны худалдаа, Хөрөнгө оруулалт, Гарал үүслийн дүрэм, Цахим худалдаа, Гаалийн дүрэм, Өрсөлдөөн, Хамтын ажиллагаа, Маргаан шийдвэрлэх, Оюуны өмч, Үйлчилгээний худалдаа, Хорио цээр, Худалдаан дахь техникийн хориг саад гэсэн чиглэлийн хүрээнд хийв.
Япон Улстай байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр Монгол Улсын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр бөгөөд үүнийг байгуулснаар хоёр орны хоорондын худалдаа өргөжих, эдийн засгийн харилцаа гүнзгийрэх, Япон Улсын хөрөнгө оруулалт нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Дараагийн шатны буюу долоо дахь шатны хэлэлцээний товыг дипломат шугамаар шийдвэрлэхээр тохиролцсон байна.


















