Япон улсын парламентийн төлөөлөгчдийн танхимын даргын айлчлал маргааш эхэлнэ
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар Япон Улсын парламентийн Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монгол Улсад айлчлах гэж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар Япон Улсын парламентийн Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монгол Улсад айлчлах гэж байна. Түүний айлчлал маргааш эхэлнэ.
Айлчлалын хүрээнд Япон Улсын парламентийн Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нартай уулзана. Эдгээр уулзалтын үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийг хоёр талын болон олон улс, бүс нутгийн түвшинд хөгжүүлэхэд хоёр улсын парламент нягт хамтран ажиллах талаар санал солилцох юм байна.
Энэхүү айлчлал Япон Улсын хууль тогтоох дээд байгууллагын удирдлагын түвшинд манай улсад хийгдэж буй анхны айлчлал бөгөөд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлогтой аж. Япон Улсын парламентийн Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимагийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал энэ сарын 19-нд өндөрлөнө.


















