Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Японы инженерийн сурах бичгүүдийг оюутнуудад бэлэглэлээ

Японы Үндэсний Технологийн Хүрээлэн Монгол дахь Төлөөлөгчийн газар, “Монголын бүтээлч ирээдүй” ТББ хамтран Шинэ Монгол Коосэн технологийн коллежийн номын сан болон оюутнуудад Коосэнгийн сурах бичгийг гардууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Японы инженерийн сурах бичгүүдийг оюутнуудад бэлэглэлээ
Японы инженерийн сурах бичгүүдийг оюутнуудад бэлэглэлээ. Зураг: МҮОНРТ

Японы Үндэсний Технологийн Хүрээлэн Монгол дахь Төлөөлөгчийн газар, “Монголын бүтээлч ирээдүй” ТББ хамтран Шинэ Монгол Коосэн технологийн коллежийн номын сан болон оюутнуудад Коосэнгийн сурах бичгийг гардууллаа.

Тус арга хэмжээнд Сасэбо технологийн коллежийн захирал Кавашита Томоюүки, Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн удирдлагууд хүрэлцэн ирж Шинэ Монгол Коосэн технологийн коллежийн үйл ажиллагаатай танилцан, номын сан болон оюутнуудад Коосэнгийн 152 сурах бичгийг бэлэглэлээ. Мөн түрүү долоо хоногт ШУТИС-Коосэн, ТТДС-Монгол Коосэн технологийн коллежийн оюутнуудад бэлэглэсэнтэй нийлүүлээд 500 гаруй сурах бичиг хандивлаад байна.

ЯҮТХ-гийн Монгол дахь тэргүүн Ц.Байгалмаа “Цаашид ч математик ба инженерийн мэргэжлийн номуудыг монгол хэлээр орчуулан оюутан, залуустаа хүргэх болно. Тус сурах бичгүүдийг Японы Коосэн технологийн коллежууд ашигладаг бөгөөд Коосэнгийн мэргэшсэн, эрдэмтэн багш нар зохиосон юмаа. Суурь шинжлэх ухааны онолууд инженерийн салбарт хэрхэн ашиглахыг, ирээдүйн улс орны бүтээн байгуулалтыг гардан хийхээр инженерийн ангид суралцаж байгаа залуустаа Японы сургалтад ашигладаг сурах бичиг бэлэглэж байгаадаа баяртай байна” гэсэн юм.

ЯҮТХ нь Монгол Улсад 2016 оноос нэвтэрч “Коосэн” загварын инженер технологийн боловсрол олгох сургалтыг бүх талаар дэмжин ажилладаг. Жишээлбэл Монгол дахь Коосэнгийн багш нарыг чадавхжуулах, багш сурагчдыг Япон руу туршлага судлуулахаар явуулдаг. Энэ удаа дээрх цуврал сурах бичгүүдийг хэвлэлийн газрын албан ёсны зөвшөөрөлтэйгөөр монгол хэлнээ орчуулан гаргалаа. Одоогоор “Хэрэглээний математик”, “Шугаман алгебр”, “Материалын механик” номууд хэвлэгдсэн байна.

Мөн түүнчлэн тус сурах бичгүүдийг инженерийн сургалт явуулдаг бүх улсын их сургууль, улсын номын сангуудад тодорхой тоо хэмжээгээр хандивлаад явж байгаа ажээ.

Хуваалцах