Ё.Баатарбилэгийг БСШУС-ын сайдад томилохыг 100 хувь дэмжлээ
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.06 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ.
Мэдээллийн алба

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.06 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа.
Нэр дэвшигч Ё.Баатарбилэг 1993 онд Цэцэрлэг хотын 2-р дунд сургууль, 2002 онд МУИС-ийн нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр, 2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр зэрэгтэй төгсчээ.
Тэрбээр 2002-2009 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах, 2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх, 2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга, 2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байжээ.
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нэр дэвшигч нь боловсролын салбарыг удирдах арвин туршлагатай гэдгийг дурдаад амжилт хүслээ.
Ингээд Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалд томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


















