З.ЭНХБОЛД: Алдаа гаргасан төрийн албан хаагчид хатуу хариуцлага тооц
Төсвөө нягталж, хариуцлагатай, санаачлагатай ажиллаж чадаагүй, алдаа гаргасан төрийн албан хаагчтай хатуу хариуцлага тооцдог зарчим баримтлахыг УИХ-ын дарга үүрэг болголоо.
Мэдээллийн алба

Төсвөө нягталж, хариуцлагатай, санаачлагатай ажиллаж чадаагүй, алдаа гаргасан төрийн албан хаагчтай хатуу хариуцлага тооцдог зарчим баримтлахыг УИХ-ын дарга үүрэг болголоо.

УИХ-ын дарга З.Энхболд орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар болон аймгуудын Засаг дарга нартай энэ сарын эхээр “Их Тэнгэр” цогцолборт уулзаж, санал бодлыг нь сонсож, харилцан ярилцах үеэр дээрх үгийг хэлсэн юм. Тэрбээр хэлэхдээ "УИХ-аар ид төсөв ярьж байгаа цагаар орон нутгийн удирдлагуудтай ийнхүү нүүр тулан уулзаж, ярилцаж байгаа нь чухал ач холбогдолтой гээд зөвхөн УИХ, Засгийн газрыг хараад суух биш орон нутгийн удирдлагууд дор бүрнээ төсвөө нягталж, хариуцлагатай, санаачлагатай ажиллах үүрэгтэй, ялангуяа “авлигажсан төсөв” гэж ярьж байгаатай холбоотой судалж, нягтлах, алдаа байгаа бол шалтгааныг нь тодруулж, засч залруулах тал дээр бүх шатандаа анхаарч, хамтран ажиллахыг үүрэг болголоо.
Мөн алдаа гаргасан төрийн албан хаагчтай хатуу хариуцлага тооцдог зарчмыг баримтлан ажиллах шаардлагатай байгааг ч хэлсэн юм.
Өнгөрсөн жилүүдэд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Засаг даргынхаа удирдлага дор орсон мэт үйл ажиллагаа явж ирсэн тохиолдол цөөнгүй гарсан, гэтэл Үндсэн хуульд зааснаар Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Засаг даргын ажилд хяналт тавих ёстой байгууллага, тиймээс эдгээр албан тушаалыг хашиж байгаа хүмүүс захирах, захирагдах үүргийг сайтар ухамсарлаж ажиллах нь зүйтэй гэдгийг Их Хурлын дарга уулзалтад оролцож байгаа нийт төлөөлөгчдөд хандан анхааруулсан юм.
УИХ-ын дарга З.Энхболд үргэлжлүүлэн УИХ-аар баталсан хууль, тогтоомжуудын талаар товч танилцуулж, орон нутгийн иргэдэд хууль сурталчлах ажлыг идэвхжүүлж, мэдээллийн шинэ технологийг ашиглах, цахим хэлбэрээр олон хүнд хүртээмжтэйгээр, шуурхай энэ ажлыг амжуулж сурахыг үүрэг болгов.


















