З.Энхболд: Тэтгэврийн насыг бууруулна гэдэг буруу
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Дундговь аймгийн Мандалговь суманд ажиллан, аймгийн иргэдтэй уулзалт хийлээ.
Мэдээллийн алба

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Дундговь аймгийн Мандалговь суманд ажиллан, аймгийн иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд тэрбээр чуулганы завсарлагааны хугацаанд хийдэг орон нутгийн томилолтоо Дундговь аймгаас эхэлж байна гээд УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолуудын талаар мэдээлэл хийсэн.
Үүнээс гадна тэрбээр УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолын талаар мэдээлэл хийсний дараа Дундговь аймгийн иргэдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Дундговь аймгийн иргэд УИХ-ын даргад татварын орчны шинэтгэл, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих бодлого, НӨАТ-ын давхардлын тухай, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, Монгол хэлний тухай хуулийн тухай, Малчдын тэтгэвэрийн насны тухай, Одонтой эхчүүдийн мөнгөний тухай, Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Гацууртын ордын ашиглалтыг тойрсон асуудлын талаар тус тус асуулт тавив.
УИХ-ын дарга З.Энхболд дээрх асуултуудад нэг бүрчлэн хариулт өгсөн. Тэрбээр хэлэхдээ, НӨАТ-ын давхардлыг арилгах нь зүйтэй. Энэ ажлыг шат дараатай хийхэд УИХ анхаарч байгаа. Мөн Гацууртын ордыг ашиглах ёстой. Ашиглуулахгүй гэсэн зарим иргэд байгаа. Иргэдийн дунд байгаа ойлголтын зөрүүг арилгах ёстой. Тухайн ордыг анх удаа ашиглах гэж буй хэрэг биш. Гацууртын ордыг ашигласнаар хууль бусаар алт олборлож, улсад татвар төлөхгүйгээр үйл ажиллагаа явуулж буй зарим хууль бус үйлдлийг зогсоох болно. Төр энэ байр сууриндаа ч хатуу зогсох ёстой гэлээ.
Мөн малчдын тэтгэвэрийн насыг багасгахыг дэмжихгүй. Учир нь малчин хүн таван жилийн өмнө тэтгэвэрт гарлаа гэхэд тухайн жилийн зөрүүг хэн нэгэн иргэн ажиллаж төлөх ёстой болно. Ингэж иргэддээ ялгавартай хандаж болохгүй. Гадаад орнуудад иргэдийн насжилт нэмэгдэж байгаатай холбоотойгоор тэтгэвэрийн насыг нэмэгдүүлэх асуудал хурцаар тавигдаж байхад манай улс эсрэгээр нь тэтгэвэрийн насыг бууруулна гэдэг нь буруу хэмээн УИХ-ын дарга хэллээ.


















