Загастайн давааны 67 км хатуу хучилттай авто зам 98 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатар хоттой 21 аймгийг хатуу хучилттай авто замаар холбох ажил үндсэндээ дуусч байгаа юм.
Мэдээллийн алба

Улаанбаатар хоттой 21 аймгийг хатуу хучилттай авто замаар холбох ажил үндсэндээ дуусч байгаа юм. Завхан аймгийн Загастайн давааны 67 км хатуу хучилттай авто зам 98 хувийн гүйцэтгэлтэй байна.
Хад асга ихтэй, уулын хамгийн хүнд зам бол Загастайн даваа. Энэ давааны хатуу хучилтыг Хятадын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2019 оны долоодугаар сард эхлүүлж өнгөрсөн оны 10 дугаар сард хучилтыг бүрэн дуусгасан. Одоо нэмэлт тохижилтын ажлуудыг хийж байна. Ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын "СССС" компани, туслан гүйцэтгэгчээр үндэсний “Түм арвижих”, “Арж роуд” компаниуд ажиллаж байна.
“СССС” ХХК-ийн төслийн менежер Лю Бө Нан "Үлдсэн 2 хувийн гүйцэтгэлээ зөвлөх, захиалагч, гүйцэтгэгчидтэйгээ хамтран хугацаанд нь хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Хангай газар учраас хатуу ухмал ихтэй байсан, одоо 6 сард цас орж байна. Цаг агаарын болон ажлын хүнд нөхцөлд гүйцэтгэж байгаа зам юм" гэж ярилаа.
Загастайн давааны оройг нь бүрэн хучсан анхны зам. Тиймээс цаашид орон нутгийн зүгээс аюулгүй байдлыг хангаж, арчлалтыг маш сайн хийх шаардлагатай байна.
Улсын баяр наадмаас өмнө усны урсгалын сувагчлалууд, ус зайлуулах хоолойны амны бэхэлгээ, шороон далангуудын өргөтгөл, карьеруудын нөхөн сэргээлт зэрэг ажлуудыг гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байна гэж "Монголын мэдээ" сувгийн Завхан аймаг дахь сурвалжлагч Б.Оюун-Эрдэнэ мэдээллээ.


















