Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам талбайн шилдэг ажилчид шалгарлаа

Цаашид оролцогч байгууллагууд гэр хорооллын гудамж талбайд үүссэн хальтиргаа гулгааг арилгахад хамтран ажиллах юм байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам талбайн шилдэг ажилчид шалгарлаа
Зам талбайн шилдэг ажилчид шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын Захирагчийн алба, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниуд, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтран 2013 оны 12 дугаар сарын нэгнээс энэ оны гуравдугаар сарын нэгэн хүртэлх хугацаанд Эрүүл аюулгүй хот- Хальтиргаагүй Улаанбаатар аяныг хэрэгжүүлсэн.

Аяны хүрээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хамтарсан тушаал гарч ажлын хэсэг байгуулагдан ажиллаж үр дүнгээ нэгтгэн дүгнэжээ.

Ажлын хэсгийн гаргасан төлөвлөгөөний дагуу нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээг нарийн хуваарийн дагуу хийснээр 2012 онд 2815 байсан хальтиргаанаас үүдсэн гэмтэл ослын тоог 1909 хүртэл багасгаж, 906 тохиолдлоор бууруулсан байна.

Энэ ажлыг зохион байгуулахад шар хантаазтануудыг удирдан, идэвхи зүтгэлтэй ажиллан үр дүн гаргасан зам талбайн Чингэлтэй тохижилт ХХК-ний инженер Б.Жавзанг 2013 оны “Шилдэг зохион байгуулагч” инженерээр, Хан-Уул дүүргийн Тохижилт, үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын зам талбайн мастер Д.Бат-Эрдэнийг “Зам талбайн тэргүүний мастер”-аар шалгаруулжээ. Цаашид оролцогч байгууллагууд гэр хорооллын гудамж талбайд үүссэн хальтиргаа гулгааг арилгахад хамтран ажиллах юм байна.

Хуваалцах