Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Замын-Үүд боомтын төмөр замыг хос болголоо

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” түүний “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд төмөр зам, авто замаар холбогдсон хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хийж гүйцэтг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Замын-Үүд боомтын төмөр замыг хос болголоо
Замын-Үүд боомтын төмөр замыг хос болголоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” түүний “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд төмөр зам, авто замаар холбогдсон хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хийж гүйцэтгэлээ. Өөрөөр хэлбэл, шинэ жилийн босгон дээр УБТЗ-ын хамт олон Замын-Үүд-2-Шаргын овоо хоорондын 14.2 км хоёр дахь замыг барьж дуусгав. Ингэснээр Замын-Үүд-2-Шаргын овоо хоорондын замын нэвтрүүлэх чадвар хоногт 25 галт тэрэгнээс 48 хос галт тэрэг болж нэмэгдэнэ. Замын тээх хүчин чадал жилийн 16.7 сая тонноос 21.9 сая тонн болж өснө. Замын-Үүд-Эрээн өртөө хооронд өргөн царигаар хоногт 16-20 хос галт тэрэг солилцох боломж бүрдэнэ.

Түүнчлэн, эдгээр өртөө, зөрлөг хооронд галт тэрэг ирэхийг хүлээхгүйгээр галт тэрэг явуулах боломжтой болж, Номт, Улаан-Уул зөрлөгүүдээс галт тэргийг татан авах нөхцөл бүрдэж байгаа юм. Замын-Үүд-2-Шаргын овоо хоорондын замыг хос болгосноор Замын-Үүд-Сайншандын хэсэглэлийг хос замтай болгох ажлын эхлэл болж байгаа гэдгийг мэргэжилтнүүд мөн онцоллоо. Ийнхүү манай улсын эдийн засагт чухал үүрэгтэй Замын-Үүд боомтын ачаа тээврийн эргэлтийг хурдасгахад түлхэц болох хос замын ажлыг УБТЗ-ын хамт олон хийж дуусгалаа.

Мөн дээрх ажилтай зэрэгцүүлэн УБТЗ-ын хамт олон Замын-Үүд-Эрээн өртөө хоорондын 4.4 км урт нарийн царигийн хоёр дахь замыг барьж дуусгасан бол БНХАУ-ын тал Эрээн өртөөнд өргөтгөл хийж, өргөн, нарийн царигийн паркийнхаа хүлээн авах, явуулах замын тоог нэмснээс гадна Эрээн-Жининь хооронд таван зөрлөг шинээр нэмж барьж дуусгасан. Монгол-Хятадын хилийн төмөр замууд хүчин чадлаа ийн өсгөснөөр Эрээн-Замын-Үүд өртөөдөөр хоногт 20 хос галт тэрэг солилцох техникийн нөхцөл бүрдэж байгаа юм. Ирэх онд Монгол-Хятадын талууд галт тэрэг солилцоогоо нэмэгдүүлэх асуудлыг хилийн хэлэлцээрээр албан ёсоор ярьж тохирсноор экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэх боломж бүрдэнэ.

Эх сурвалж: "УБТЗ"ХНН

Хуваалцах