Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.01.31) хуралдаанаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ
Зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.01.31) хуралдаанаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил хянан шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Улсын Их Хурлаас 2008 онд баталсан Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийн үйлчлэл 2012 онд дууссан. Иймд иргэд банкин дахь хадгаламжаа татах, банкны салбарт хямрал үүсэхээс сэргийлэх, банкин дахь иргэдийн хадгалмжийг хамгаалах эрх зүйн зохицуулалт бий болгох шаардлагаар 2013 онд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг Улсын Их Хурал баталсан байна. Банкны хууль эрх зүйн орчин шинэчлэгдэж байгаа, олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооны хадгаламжийн даатгалын үр нөлөөтэй тогтолцооны үндсэн зарчимд нийцүүлэн Хадгаламжийн даатгалын корпорацийн засаглал, сангийн зарцуулалт, даатгалын хамрах хүрээ, хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох харилцааг боловсронгуй болгохоор Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах шаардлага үүссэн гэлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил хянан шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн боловсруулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааны талаар болон хэлэлцэж буй төслийн хүрээнд үйл ажиллагаанд нь ямар өөрчлөлт орох талаар тодруулав. Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос тогтоосон хувь хэмжээний дагуу банкууд эхлэлтийн хураамж, онцгой хураамж, улирлын хураамж гэж гурван төрлийн хураамж төлдөг. Эхлэлтийн хураамжийг анх банк байгуулагдах үедээ нэг удаа төлдөг бол онцгой хураамж төвлөрүүлсэн тохиолдол одоогоор гараагүй. Банкууд улирал бүр өөрт төвлөрсөн хадгаламжийн мөнгөн дүнд үндэслэн улирлын хураамж төлж буй. Энэ эх үүсвэрээс бүрдсэн хөрөнгө нь өнөөдрийн байдлаар 337 тэрбум төгрөг байгаа бөгөөд энэ нь сангийн хөрөнгийн эх үүсвэр гэдгийг Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ хэллээ. Хөрөнгийн зохицуулалтыг холбогдох хуулиар хийдэг гэдгийг тэрбээр тайлбарлаад “Хадгаламжийн даатгалын корпораци нь банкууд руу хандсан үйл ажиллагаа явуулахгүй. Зөвхөн хураамж цуглуулахтай холбоотой мэдээллийг шалгах үүднээс банкуудад шалгалт хийх эрх зүйн зохицуулалтыг төсөлд тусгасан” гэв. Зах зээлд чөлөөт өрсөлдөөн явуулах нөхцлийг бүрдүүлэх нь зүйтэй тул арилжааны банкуудын үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын тоог нэмэгдүүлэхийг дэмжихгүй байгаагаа Ж.Ганбаатар гишүүн илэрхийлсэн. Ийнхүү төслүүдийн талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Хуралдааны төгсгөлд Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох асуудлыг хэлэлцэн, Улсын Их Хурлын гишүүн Л.Болдыг томиллоо.

Хуваалцах