Зарим хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ
УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Мэдээллийн алба

УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлтэй холбоотой Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төсөлд тусгагдсан эдийн засгийн үзүүлэлтүүдээс нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээг 127.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 3,806.1 тэрбум төгрөг болгох, үүнтэй холбоотойгоор хөрөнгийн зардлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 9.4 хувь болгох саналыг Улсын Их Хурлын даргын 2019 оны 217 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.


















