Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төслийг чуулганаар дэмжлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төслийн хэлэлцүүлгээр эхэллээ.
Мэдээллийн алба

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төслийн хэлэлцүүлгээр эхэллээ. Монгол Улс НҮБ-ын гишүүн-Бүгд Найрамдах Уганда Улс, Бүгд Найрамдах Руанда Улс, Холбооны Микронез Улс, Бүгд Найрамдах Гаити Улс, Бүгд Найрамдах Кирибати Улс, Экваторын Гвиней Улс, Бүгд Найрамдах Чад Улс, Бүгд Найрамдах Маврики Улстай тус тус дипломат харилцаа тогтоохыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж улмаар холбогдох тогтоолын төслийг баталлаа. Энэ онд Монгол Улс НҮБ-ын гишүүн 10 гаруй улстай дипломат харилцаа тогтоохоор үргэлжлүүлэн ажиллах ажээ.
Үүний дараа үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг тогтоолын төсөлд, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгажээ. Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд баталсантай холбоотойгоор Нийслэл хотын албан татварын тухай, Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, энэхүү татвараас бий болох орлогын эх үүсвэрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, орон нутгийн төсвийн суурь зарлагаас давсан орлогыг улсын төсөвт шилжүүлэх арга хэмжээ авах, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын төсвийн тухай хуулийг эдийн засгийн тогтвортой өсөлт болон валютын ханшны тогтвортой байдлыг богино, дунд, урт хугацаанд бий болгох үндсэн зорилтын хүрээнд гадаад, дотоодын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлогыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих арга хэмжээг боловсруулж, УИХ-д танилцуулахыг даалгасан байна.
Мөн төсөлд Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр худалдах, худалдан авах замаар хөрөнгийн зах зээлд оролцох, санхүүжилт босгох зорилтыг хэрэгжүүлэх, олон улсын хөрөнгийн зах зээлд Монгол Улсын нэр хүндийг өсгөх боломжийг судалж хэрэгжүүлэх, Монгол Улсын төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа гол нэр, төрлийн эрдэс баялгийн үйлдвэрлэлийн биет хэмжээг тухайн жилийн хүлээгдэж байгаа гүйцэтгэл болон уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдийн санал, тухайн салбарын урт, дунд хугацааны үйлдвэрлэлийн төлөвлөгөөний төсөөлөлд үндэслэн тооцоолдог аргачлалыг боловсруулж мөрдүүлэх, орлогын бүрдүүлэлтийг сайжруулах чиглэлээр Засгийн газар нөөц бололцоогоо бүрэн дайчлах зэрэг арга хэмжээ авахыг даалгахаар тусгажээ.
Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, саналаа илэрхийлсний дараа санал хураахад гишүүдийн олонх уг тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.
Чуулганы нэгдсэн хуралдаан Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжилж байна.


















