Засгийн газрын хуралдаан боллоо
Засгийн газрын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын товч мэдээллийг хүргэе.
Мэдээллийн алба

Засгийн газрын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын товч мэдээллийг хүргэе.
- Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Нэмэгдсэн өртгийн албан татвараас, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг мөн хугацаанд Гаалийн албан татвараас чөлөөлөхийг дэмжив. Төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
- Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтод Худалдан авах ажиллагааны хяналтын болон Нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн эрх олгов.
- “Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төслүүдийг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөөр болов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


















