Завхан аймгийн сумдын мал эмнэлэг тарилгын зөөврийн хашаатай болов
Хөтөлбөрийн хүрээнд "Мерси Кор" ОУБ-тай хамтран ажиллаж 24 сумын мал эмнэлэгт мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий 25 ширхэг зөөврийн хашаа олголоо.
Мэдээллийн алба

Завхан аймаг "Сайн малчин" хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд "Мерси Кор" ОУБ-тай хамтран ажиллаж 24 сумын мал эмнэлэгт мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий 25 ширхэг зөөврийн хашаа олголоо.

Суурин хашаа руу малаа тууж тарилга туулгаа хийдэг байсан бол ийнхүү зөөврийн хашаатай болсноор малчдын төвлөрөл үүссэн газарт угсарч, бага зардлаар бүтээмж өндөртэй ажиллах боломж бүрдээд байна.
"Мерси Кор" ОУБ-ын "Давах туулах дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд хөтөлбөр" Завхан аймагт гурван жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд мал аж ахуйн салбар, үйлдвэрлэлийг дэмжих зорилготой, тэр дундаа малын эрүүл мэндэд илүү анхаарч ажиллах юм байна.

Малын тарилгын зөөврийн нэг хашаанд 800-1000 мал хаших боломжтой бөгөөд нийтдээ 160 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Энэ бол Завхан аймгийн 8.8 мянган малчин өрх, 4.4 сая толгой малыг эрүүл байлгахад чиглэсэн үнэтэй хөрөнгө оруулалт болсныг аймгийн удирдлагууд онцоллоо.
Б.Оюун-Эрдэнэ


















