Зэвсэгт хүчний соёл хүмүүжилтний ажилтны өдөр тохиож байна
Цэргийн доторх улс төрийн байгууллага байгуулагдсаны 95 жилийн ой, дотооддоо дээд мэргэжилтэй мэргэшсэн улс төрийн ажилтан бэлтгэн гаргасны 40 жилийн ой, Зэвсэгт хүчний соёл хүмүүжилтний ажилтны өдөр өнөөдөр тохиож байна.
Мэдээллийн алба

Цэргийн доторх улс төрийн байгууллага байгуулагдсаны 95 жилийн ой, дотооддоо дээд мэргэжилтэй мэргэшсэн улс төрийн ажилтан бэлтгэн гаргасны 40 жилийн ой, Зэвсэгт хүчний соёл хүмүүжилтний ажилтны өдөр өнөөдөр тохиож байна.
Ойг тохиолдуулан "Монгол цэргийн музей"-д үе, үеийн цэргийн улс төрийн ажилтны түүхэн гэрэл зургууд, баримт бичиг, бусад үзвэрүүд нээгдэв. Мөн ЦДБЭЧ-ын Соёлын төв өргөөнд баярын хурал, хүндэтгэлийн тоглолт боллоо. Баярын хуралд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцож баяр хүргэж үг хэлсэн. Түүний хамт Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ЗХЖШ-ын АУГ-ын ИЦХХ-ийн дарга, хурандаа Б.Отгонбаяр, "Цэргийн улс төр, хүмүүжлийн ажилтны нэгдсэн эвлэл"-ийн тэргүүн, бэлтгэл хурандаа Б.Жуваа нарын албаныхан, цэргийн үе, үеийн улс төрийн ажилтнууд оролцлоо. Түүнчлэн баярын арга хэмжээнд ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан, дэслэгч генерал Ц.Тогоо, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан, БХИС-ийн захирал асан, хошууч генерал Ж.Жалбажав болон хошууч генерал Г.Дугарсүрэн тэргүүтэй генерал, офицерууд хүрэлцэн ирсэн байв.

Баярын хуралд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэлсэн үгэндээ “Монгол Улсын орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдах үеэс эхлэн цэргийн доторхи улс төрийн байгууллага, ажилтны гүйцэтгэсэн үүрэг, үзүүлсэн нөлөө ач холбогдол, туршлага тусламж үлэмж их юм. Улс төрийн ажил бол Зэвсэгт хүчний үндсэн цэрэг зорилгоо амжилттай хэрэгжүүлэх, бие бүрэлдэхүүний сэтгэл зүй ёс суртахууны тогтвортой байдлыг хангах, эх оронч үзлийг хүүхэд залуус цэргийн алба хаагчид төдийгүй иргэдэд төлөвшүүлэх нөр их ажлын салшгүй хэсэг гол хүчин болж байсан. Батлан хамгаалах салбарын түүхэн туршлага хөгжлийн явцаас харахад хаана улс төр хүмүүжлийн ажил цэгцтэй зохион байгуулалттай явагдаж байна, тэнд хатуу чанд сахилга бат, байлдааны өндөр бэлэн байдал, шуурхай чадварлаг үйл ажиллагаа өндөр хариуцлага, бие бүрэлдэхүүний бие бялдар болоод сэтгэл зүйн тогтвортой сайн бэлтгэл аливаа бэрхшээлийг даван туулах тэсвэр хатуужил төлөвшсөн байдаг. Монгол ардын намын төв хороо, Ардын түр Засгийн газрын 1921 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хамтарсан 15 дугаар тушаалаар Цэргийн яамны Улс төрийн хэлтэс буюу Сурган боловсруулах хэлтсийг байгуулсан нь Ардын журамт цэргийн доторхи анхны улс төрийн байгууллага болжээ. Цэрэг ардын сурган боловсруулах хэлтсээс үйл ажиллагаагаа эхэлсэн цэргийн улс төрийн байгууллага нь батлан хамгаалах салбарын хөгжлийн бүхий л үе шатад бие бүрэлдэхүүн болон нийт ард олны дунд бичиг үсэг сургах, Зэвсэгт хүчнийг сурталчилах соёл олон нийтийн ажлыг явуулж ирсэн нэр хүндтэй төрийн цэргийн байгууллагуудын нэг юм. Эх нутаг газар шороо ард түмнээ харийн түрэмгийлэгчдээс хамгаалан эх орон төр засгийн итгэл найдварыг хүлээж улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах өндөр хариуцлага нэр төрийн үүргийг гүйцэтгэж, түүнд Зэвсэгт хүчний салбарт амьдрал, бие сэтгэл эрдэм чадвар бүхнээ зориулсан үе үеийн улс төрийн ажилтнуудын чадварлаг үйлсийг тэмдэглэлт энэ өдөр хүндэтгэн дурсахад таатай байна” хэмээн онцолсон.

Үүний дараа ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваагийн баярын мэндчилгээг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар уншиж сонирхуулахаас гадна зарим төгсөгчид баяр хүргэж үг хэлсэн бөгөөд Батлан хамгаалахын сайдын тушаалаар зарим бэлтгэл офицеруудыг Батлан хамгаалахын Тэргүүний ажилтан, "Дайчин алдар", "Эх орны төлөө" хүндэт тэмдгээр шагнаж урамшуулсан юм. Мөн үе, үеийн төгсөгч нар ахмад буурлууд багш нартаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулж байсан юм.
Дашрамд сонирхуулахад, 1972 онд Цэргийн ерөнхий дээд сургуульд улс төрийн ажилтны ангийг нээн 4 жилийн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулан 1976 онд дээд мэргэжил эзэмшсэн улс төрийн ажилтан офицеруудыг төгсгөсөн цагаас хойш 40 жил болж байна. Улс төрийн ангийг төгсөгчид эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт зүтгэж хувь нэмрээ оруулсан төдийгүй тэдний дундаас төр цэргийн нэр зүтгэлтнүүд удирдах дарга, эрдэмтэн мэргэд олноор гарсан байдаг юм.
Эх сурвалж: БХЯ


















