Зэвсэгт хүчнийхэн түймрийн голомтод ажиллаж байна
ОБЕГ-ын даргын гаргасан хүсэлтийн дагуу ЗХЖШ-ын дарга тушаал гаргаж, ой, хээрийн түймэртэй тэмцэх ажилд энэ сарын 12-ны өдрөөс эхлэн Зэвсэгт хүчний 327, 338 дугаар ангийн цэргийн алба хаагчдыг оролцуулж байна.
Мэдээллийн алба

ОБЕГ-ын даргын гаргасан хүсэлтийн дагуу ЗХЖШ-ын дарга тушаал гаргаж, ой, хээрийн түймэртэй тэмцэх ажилд энэ сарын 12-ны өдрөөс эхлэн Зэвсэгт хүчний 327, 338 дугаар ангийн цэргийн алба хаагчдыг оролцуулж байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн “Баруун тариа” бригадын чиглэлд Зэвсэгт хүчний 338 дугаар ангиас 115 хүн, 6 нэгж техниктэйгээр ажиллаж байгаа бол Дорнод аймгийн Баян-Уул сумын чиглэлд Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 96 хүн, 7 нэгж техниктэй ажиллаж байна. Мөн Эрээнцав, Чулуун хороот, Дашбалбар сумын чиглэлд тус ангийн 94 хүн, 6 нэгж техниктэйгээр ажиллаж байна. Нийт 305 офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагч, ажилчин албан хаагчид гал түймрийн бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа аж. Цаашлаад Зэвсэгт хүчний 303, 337 дугаар ангийн 4 нэгж нисдэг тэрэг тусгай захиалгат нислэг үйлдэхэд бэлэн байгаа юм байна. Хурандаа Т.Энхтөрөөр ахлуулсан Холбооны шуурхай бүлэг энэ сарын 18-ны өглөө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 9 дүгээр багийн нутагт хүрэлцэн очиход, Зэвсэгт хүчний 338 дугаар ангиас томилогдсон, дэд хурандаа Гантөмөрийн ахалсан бүлэг 20 гаруй километр өргөн газрыг хамарсан түймрийг цурманд оруулж, 4 бүлэг эргүүл хийж байжээ.
Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар сумдын чиглэлд томилогдсон түймэр унтраах бүлгүүдэд тус ангийн шуурхай бүлгийн “Р-142Н” команд штабын машин 2 иж бүрдлийг томилгоожуулан давтамжийг өгч, харилцан ажиллагааг тасралтгүй хангаж байна. Дашрамд тэмдэглэхэд, ЗХЖШ, ОБЕГ-ын даргын 2009 оны хамтарсан тушаалаар батлагдсан “Гамшгийн үед Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах чиглэл” баримт бичгийн дагуу Зэвсэгт хүчний анги, байгууллагаас төрөлжүүлэн томилгоожуулсан бүлэг, нэгж техникүүдийг үүрэг гүйцэтгүүлэх боломжтой гэж үзэж байна.


















