Зориулалтын бус газар хог хаях, усны сан бүхий газар машинаа угаавал торгоно
иргэд усны сан бүхий газарт тээврийн хэрэгслээ угааж, орчныг бохирдуулж байгаа зөрчил ихээр үйлдэгдэж байсныг материалжуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан байна
Мэдээллийн алба

Экологийн цагдаагийн албанаас нийслэлийн Туул, Улиастай, Сэлбэ зэрэг голын эрэг ойр орчимд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтаар ажиллахад иргэд усны сан бүхий газарт тээврийн хэрэгслээ угааж, орчныг бохирдуулж байгаа зөрчил ихээр үйлдэгдэж байсныг материалжуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан байна. Ийн усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу зөрчил гаргасан иргэдэд торгуул оногдуулжээ.
Дээрх зөрчлүүдтэй холбогдуулан Хүрээлэн байгаа орчиндоо ээлтэй амьдрах, Хог хаягдлаа зориулалтын газар хаяж хэвшихийг Экологийн Цагдаагийн албанаас уриаллаа.


















