Адаацаг, Дэлгэрцогт, Говь-Угтаал сумын нутагт тэмдэгт баганыг байршуулжээ
Дундговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазуудын хооронд замын тэмдэг хийж эхэлжээ.
Мэдээллийн алба

Дундговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазуудын хооронд замын тэмдэг хийж эхэлжээ. Энэ нь зөвхөн км заасан самбар биш аж. Түрэгийн үеийн дүрслэл бүхий сийлбэртэй, шөнө гэрэлтэж харагддаг, 180 см өндөр, 45 см өргөнтэй байгалийн боржин чулуун багана байх юм байна. Чулуун баганыг Дундговийн Адаацаг, Говь-Угтаал, Дэлгэрхангай, Өлзийт, Хулд, Гурвансайхан, Дэлгэрцогт, Сайхан-Овоо сумын нийт 17 цэгт жуулчны зам дагуу байршуулах бөгөөд "Боржин чулуу” ХХК энэ төслийг гүйцэтгэж эхэлжээ.
Энэхүү ажилд зориулан аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас 80 сая төгрөг зарцуулж байгаа аж. Өнгөрсөн онд жуулчны баазуудын дэд бүтцийг сайжруулахад зориулж тус бүр 30 сая төгрөгийн дэмжлэгийг мөн орон нутгийн хөгжлийн сангаас өгч байсан бол энэ жил жуулчдын маршрутын дагуу замын тэмдэг ийнхүү байршуулж байгаа нь аялал жуулчлалыг дэмжин хөгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт болжээ. Ийм хийц бүхий тэмдэгт багана өөр аймагт хийгдэж байгаагүйгээрээ онцлог гэнэ. Одоогоор Адаацаг, Дэлгэрцогт, Говь- Угтаал суманд тэмдэгт баганыг байршуулаад байна.


















