Аймгийн театр тулгамдсан асуудлаа хэлэлцэв
Засаг даргын туслах Д.Кадирбек эдгээр саналуудыг үндэслэн УИХ-ын гишүүн А.Бакей, гишүүн асан Т.Султан, Засаг дарга Х.Дармен нартай хамтран төсөл зохиож энэ байгууллагыг жинхэнэ театрын дайтай болгохоо хэлэлцүүлгийн үеэр мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Баян-Өлгий аймаг
Баян-Өлгий аймгийн хөгжимт драмын театрын зогсонги байдлыг өөд нь татах талаар ярилцлагыг өнгөрсөн долоо хоногт хийлээ.
Ярилцлагад театрын хамт олон, ахмад үеийнхэн, соёлын байгууллагын удирдах ажилтнууд болон аймгийн Засаг даргын зөвлөх Д.Кадирбек, ЗДТГ-ын зарим хэлтсийн дарага нар, Өлгий сумын Засаг дарга оролцлоо.
Театрын захирал М.Ертайгийн танилцуулсанаар тус хөгжимт драмын театр 1956 онд байгуулагдан 200 хүнтэйгээр тайзны урлагийн бүх төрлөөр олон түмэнд өргөн үйлчилж, нийслэлд урлагийн өдөрлөгүүдийг гурван удаа зохиож өндөр үнэлгээ авч байсан бол 1990-ээд оноос бууралтад оржээ. Цалин хангамж тун базаахгүй болсноор авъяаслаг хүмүүс нь гарч, шинэ залуу авъяастнууд энд ажиллах сонирхолгүй болжээ. Одоо 70 орчим хүний бүрэлдэхүүнтэй, хөгжмийн зэмсгүүд элэгдэж хуучирсан, шинээр жүжиг драмын зохиол тайзнаа гаргах байтугай жүжигчдэд хувцас тавьж олгох мөнгөгүйн дээр 40 гаруй сая төгрөгийн өртэй болжээ. Интернэтэд холбогдоогүй, компьютер ч алга, гэрэл чимэглэл нь ч хоцрогдсон байна. Шинэ үзэгдэл тоглох үеэр «өвгөний” сахлыг наах цавуу авах ч мөнгө олоогүйгээ нэгэн жүжигчин ярилаа.
Олон өрөө тасалгаа бүхий томоохон байртай ч тэдгээрт бусад байгууллагууд байрлачихсан, тэд нь хөлс төлдөггүй юм байна. Ингэснээр тус театрт үзэгчид цугларах нь ховордож, үзэгчдийн заал нь зөвхөн хурал цуглааны байр болсныг хүмүүс шүүмжиллээ. М.Ертай захирал саяхан Казахстанд очиж театруудтай нь харилцаа тогтоогоод суудал оруулж ирсэн, цаашид харилцааг улам өргөжүүлэхэд хөрөнгө мөнгө хэрэгтэй гэнэ.
Засаг даргын туслах Д.Кадирбек эдгээр саналуудыг үндэслэн УИХ-ын гишүүн А.Бакей, гишүүн асан Т.Султан, Засаг дарга Х.Дармен нартай хамтран төсөл зохиож энэ байгууллагыг жинхэнэ театрын дайтай болгохоо хэлэлцүүлгийн үеэр мэдэгдлээ.


















