Ажлын хэсэг төв цэвэрлэх байгууламжид үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ
Ажлын хэсгийн гишүүдэд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Барилга хот байгуулалтын яамны нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Лхагвацэдэн, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүрэг гүйцэт
Мэдээллийн алба

Ажлын хэсгийн гишүүдэд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Барилга хот байгуулалтын яамны нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Лхагвацэдэн, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Эрдэнэжаргал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн болон бусад албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр үүссэн нөхцөл байдлыг 48 цагийн дотор хэвийн горимонд шилжүүлэхээр газар дээр нь ажиллаж байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаны хүмүүс хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Тэрээр “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид болсон нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлээс байгуулагдсан ажлын хэсэг албан ёсны мэдээлэл хийж байна. Нийслэлийн Засаг даргын Захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь өчигдөр гарсан үйлдвэрлэлийн ослын улмаас хүний амь нас эрсэдсэн тул үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий юм. Ажлын хэсэг юун түрүүнд үйлдвэрт гарсан ослын шалтгааныг тогтоох, амь насаа алдсан ажилтнуудын ар гэрт дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Мөн төв цэвэрлэх байгууламжийн Түүхий үлдэцийн насос станцыг 48 цагийн дотор хэвийн горимд оруулан ажиллах тал дээр дэд ажлын хэсэг байгуулан шуурхай ажиллаж байна.
Өчигдөр үүссэн нөхцлөөс шалтгаалж одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжид 50-60 сантиметрийн зузаан лаг хуримтлагдаад байна. Лагийг шингэлж, зайлуулах ажлыг яаравчлан гүйцэтгэж байна. Түүнчлэн хэрэг гарсан насосны станцыг юун түрүүнд цэвэрлэж, зайчлах шаардлага үүссэн. Ингэснээр бусад холбогдох байгууллагууд ажлаа хийж, хэргийн мөрдлөгийг үргэлжлүүлэх боломжтой болох юм.
Өнөөдөр өглөө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар амь үрэгдсэн ажилчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж холбогдох байгууллагаас томилсон ажлын хэсгээр дамжуулан туслалцаа үзүүлэхээр боллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


















