Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Бүгд найрамдах Өмнөд Судан улсад ажиллаж байна

Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 болон 12 дугаар ээлжийн мотобуудлагын батальонуудын ээлж хүлээлцүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар ахлан энэ сарын 2-ны өдрөөс эхлэн Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Бүгд найрамдах Өмнөд Судан улсад ажиллаж байна
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Бүгд найрамдах Өмнөд Судан улсад ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 болон 12 дугаар ээлжийн мотобуудлагын батальонуудын ээлж хүлээлцүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар ахлан энэ сарын 2-ны өдрөөс эхлэн Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны үүрэг гүйцэтгэлт, ажиллагааны газар орны бодит байдалтай танилцах, НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны удирдлага болон холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, мэдээлэл солилцох, Цэргийн багт шаардлагатай ажиллагааны газар орны зах зээлээс худалдан авах боломжтой бараа материалыг судлах, худалдааны байгууллагуудтай танилцах, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг худалдан авах гэрээ байгуулах, Цэргийн багийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн зохион байгуулахад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх, Мотобуудлагын батальонуудын ээлж хүлээлцэх ажиллагааг зохион байгуулж, дараагийн ээлжийн цэргийн баг үүргээ амжилттай гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.

Мөн 12 дугаар ээлжийн мотобуудлагын батальоноос тус ажиллагааны шинэ байрлалд мотобуудлагын ротыг үүрэг гүйцэтгүүлэх болсонтой холбогдуулан энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүн 12 дугаар сарын 6-ны өдөр секторын удирдлагатай уулзаж, мотобуудлагын ротын үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай асуудлаар харилцан санал солилцон, цэргийн алба хаагчдын ажиллах, үүрэг гүйцэтгэх орчин, нөхцөлтэй танилцаж үүрэг чиглэл өгчээ.

Түүнчлэн Юнити секторын командлагч бригадын генерал Купер Майк Мужунитай ажлын уулзалтыг зохион байгуулж, секторын үйл ажиллагаатай танилцан, үүрэг гүйцэтгэлт, үер усны нөхцөл байдлын талаар мэдээлэл сонссон байна. Тодруулбал, Юнити мужид сүүлийн 60 жилд болоогүй үер усны гамшиг үргэлжилж, хоёр дахь жилдээ үер усны хүнд нөхцөлд энхийг сахиулах ажиллагаа явагдаж байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Хуваалцах