Ахмад хилчид шагайн харвааны аваргаа тодруулав
Ахмад хилчид 2016 оны шагайн харвааны аваргаа шалгаруулжээ. "Оны аварга шалгаруулах тэмцээн"-ийг жил бүр нэг ангийн нэрэмжит болгохоор төлөвлөсөн байна.
Мэдээллийн алба

Ахмад хилчид 2016 оны шагайн харвааны аваргаа шалгаруулжээ. "Оны аварга шалгаруулах тэмцээн"-ийг жил бүр нэг ангийн нэрэмжит болгохоор төлөвлөсөн байна. Энэ жилийн хувьд Хилийн 0164 дүгээр ангийн нэрэмжит болгон зохион байгуулжээ.
Тэмцээнд улсын мэргэн дөрөв, гоц мэргэн нэг, хүндэт харваач нэг оролцсон байна. Тус тэмцээнд хурууны харваанд долоо, чавхны харваанд зургаан багийн 40 гаруй тамирчин оролцжээ.
Шагайн харвааг насны ангиллаар нь хурууны болон чавхны гэж ангилдаг байна. 60-аас дээш насныхан чавх, 60-аас доош насныхан хурууны харваагаар өрсөлддөг ажээ. Ингээд чавхны төрөлд Б.Жамбаа ахлагчтай Хилийн 0132 дугаар ангийн отрядаас ирсэн ахмад хилчдийн баг нэгдүгээр байр, Д.Дашдорж ахлагчтай Хилийн 0132 дугаар ангийн хотын ахмадын холбооны баг хоёрдугаар байр, Б.Жаргалсайхан ахлагчтай Хилийн 0164 дүгээр ангийн баг гуравдугаар байрт шалгарчээ.
Хурууны харвааны төрөлд Хилийн 0164 дүгээр ангийн ахмад хилчин Д.Гансүх алт, Ж.Эрдэнэ мөнгө, Н.Шатар хүрэл медалийн эзэд болсон юм. Мөн энэ үеэр шилдэг ангийг тодрууллаа. Шилдэг ангиар Б.Жамбаа даргатай Хилийн 0132 дугаар анги, хоёрдугаар байрт Б.Жаргалсайхан даргатай Хилийн 0164 дүгээр анги, гуравдугаар байрт Г.Ганболд даргатай Хилийн 0119 дүгээр анги тус тус шалгарсан байна.


















